niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 12:04 UTC Эх: https://news.mn/r/2793243/ 40d24d3b1c72d956… ← niitlelch.mn руу буцах

"Би улс төр, компани хоорондын тэмцлээс хол байсан"

Хуучирсан мэдээ: 2025.04.04-нд нийтлэгдсэн

"Би улс төр, компани хоорондын тэмцлээс хол байсан"

"Би улс төр, компани хоорондын тэмцлээс хол байсан"

Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Намд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс улс төрөөс холдохоороо ямар нэгэн юманд томилогдоод байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Улс төрч хүн байгаа цагтаа дүрэлзээд, явсаныхаа дараа чимээгүй байсан нь дээр. Би тийм хатуу байр суурьтай. Улс төрд байна гэдэг бол төрд тангараг өргөөд цэргийн хүн шиг зүтгэнэ гэсэн үг. Төрийн эрх ашгийн үүднээс яавал зөв байх вэ гэдэг дээр дарга нар дуудаад санал сонсвол хэлнэ ш дээ. Улс төрийн хүнд явах хугацаа бий. Түүнийгээ мэдрэх хэрэгтэй. Явсаныхаа дараа түүх ярих хэрэгтэй. Одоогийн хэрэгт хошуу дүрэх хэрэггүй.

-Улс төрд орсон хүмүүс насаараа дарга хийсээр анхнаасаа дарга мэт төрсөн статустай байдаг. Өнгөрсөн хугацаанд та ямар ажлын саналууд ирсэн бэ?

-Янз янзын санал ирсэн нь үнэн. Би гадагшаа элчинд явахгүй ээ. Би явах цагаа мэдэрдэг хүн. Улс төрд байсан хүнд алдчихвий гэсэн болгоомжлол бий. Дарга нар миний үгийг сонсох эсэх нь тэдний шийдэх хэрэг. Төрд удаан зүтгэсэн хүний нас явчихсан ч сэтгэл нь үлдчихсэн байдаг. Төр улсдаа хоргүй байх хэрэгтэй. Төрийн төлөө гэх сэтгэл арилдаггүй юм байна. Эд нарыг алдахаар дагаж санаа зовоод байх юм. Ийм л байдаг юм байна. Би чинь завсаргүй удаан ажилласан цорын ганц хүн ш дээ. 28 жил гэдэг бол урт хугацаа. Одоо ажил хийж байгаа залууст амжилт хүсье. Алдаа гаргавал сэрэмжлүүлж хэлж байна.

-Одоогийн улстөрчид юун дээр алдаж байна вэ? Хууль зүйн сайд одоо хэргийн материал ярьдаг болжээ. 

-Үүнийг боль гэж хэлнэ ш дээ. Ер нь би хэрэг ярьдаггүй байсан. Арга ядсан үедээ ярьдаг байсан. Гэхдээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа ярьдаг байсан. Хуулийн сайд хүнд алхах улаан зураас гэж бий. Залуу сайд нар энэ тал дээр бодож байгаа байлгүй дээ. Түүхийн том утгаар нь авч үзвэл бид нар 35 жил шинэ нийгэмд шилжих гэж оролдож байна. Монголын эдийн засаг хаврын цас хайлсаны дараа тачир ногоо гардаг шиг л үе дээрээ байна. Ийм үед эдийн засгийн асуудалд хуулийн хүчээр хутгалдах нь туйлын осолтой. Би цагдааг бараг хөдөлгөдөггүй байсан. Улс төр, компани хоорондын тэмцлээс хол байсан. Шантааж хийхгүй, хүчирхийлэл хийхгүй гэдэг байсан. Бизнесийг ийм байхад нь гишгэвэл дахиж сэргэхгүй гэдгийг баримталдаг байсан. Сүүлийн үед сэтгэл зовоосон юмнууд сонсогдох юм. Том компаниудын эрх ашиг УИХ-д ороод ирчихсэн хэрэлдээд л байна. Энэ бол зохистой биш.

-УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Анхандаа олон намын төлөөлөл, хяналт гээд л сайхан зүйлс ярьж байсан. Одоо харахад таны хувьд ямар байна вэ?

-УИХ-ын холбогдолтой 2-3 хуулийг би бичсэн. УИХ-аас ажлын хэсэг гарч компани шалгахгүй гэсэн. Учир нь очиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор асуудалд ханддаг. Компаниудыг шалгахаа хүрвэл аудит эсвэл прокурор шүүхээрээ явдаг гээд хаачихсан байсан. Одоо шалгаад байх шиг байна. Зах зээлийн эдийн засаг бол шалгарлаар явдаг зүйл. Чаддаг нь яваад, чадахгүй нь үгүй болдог. Энэ бол чөлөөт зах зээл. Би оюутан байхдаа нэг ном уншсан юм. "Титэмгүй хаад" гэдэг нэртэй. АНУ-ын бүх баячуудын хөрөнгийг судалсан ном. Сүүлд намайг сайд байхад их хэрэг болсон.

-Төр данхааж байна гэдэг шүүмжлэл ихээр гарч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Том утгаар нь харвал манайхан хар бараан юм ярих юм. Монголын эдийн засаг урагшаагаа явж байгаа ш дээ. Бидний үед мөнгө төгрөг хогийн байсан ш дээ. Ковид эхлээд хил хаасан. Тэр үед надад Монголын эдийн засгийн чадавх ямар болсоныг харъя гэдэг бодол орж ирсэн.

-Стратегийн ордтой холбоотой асуудал ихээр гарч байна. УИХ-ын гишүүд ч үүнтэй нэр холбогдож байна?

-Ашигт малтмалын тухай хууль гэж байсан юм. Тэр компаниуд тэр үед мөрдөж байсан хуулиараа л асуудалд орсон. Оюутолгойн гэрээ муу, сайн л гэдэг. Ганцхан л зарчим бий. Тухайн үед мөрдөж байсан хуулийн зарчмаар үйл ажиллагаа явуулна л гэдэг. Хэрэв хууль хөндөгдвөл гэрээ байгуулсан үеийнхээ хуулиар явна л гэсэн.

-Төрийн өндөр албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжвөл хөрөнгийг нь хураана гэж ярьж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хууль л үүнд хамаатай. Шийтгэх ял, зүйл нь байгаа. Эрүүгийн хуулиас өөр зарчмаар явж болдоггүй. Би их олон хуультай зууралдсан. Эрүүгийн хууль дотроо хоёр төрөл. Далайн орнуудын болон эх газрын загвар гэж бий. Манай 2002 оны Эрүүгийн тухай хууль бол Германаас араг ясыг нь босгосон хууль. Харамсалтай нь, 2012 оны УИХ энэ хуулиар оролдоод юу ч биш болгочихсон. Хэрэв та нар мартаагүй бол би 2012 онд эсэргүүцэж, бараг бослого гаргаж байсан. Хуулийнхаа суурь зарчмыг эвдээд хөрөнгийн ялгаа гаргасан. Баян хүн хэрэг хийвэл жаахан торгуулиад гэртээ бугуйвч зүүдэг. Ядруухан хүн шийтгүүлвэл шорон явдаг болчихсон ш дээ. Одоо нүүрснийхэн, Хөгжлийн банкныханд хөнгөн ял өгчихлөө гээд байгаа нь шүүхийнхний буруу бишээ. Тэр хуулийнх нь буруу. Хуулийг нь ингээд баталчихсан. Эрүүгийн тухай хуулиар хамаагүй оролдож болдоггүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж