Төр данхайхын хэрээр зардал өсч, татвар төлөгчдийн үүрэх ачаа хүндэрч байгааг дээр дооргүй шүүмжилж, цомхон болгох амлалтыг албан тушаалтнууд өгдөг ч улам л занхайсаар…
Төрийн алба 240 мянга гаруй ажилтан, албан хаагчтай бол төрийн өмчит компани болон төрийн оролцоотой улсын үйлдвэрийн газар 123 болж, 60 мянга гаруй хүн ажиллаж байна.
Энэхүү 123 төрийн өмчит компани, үйлдвэрийн газраас ашигтай ажилладаг нь ердөө тав.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК ашигтай ажилласан. 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар дээрх компаниуд нийт 15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Харин 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөгт хүрсэн байдаг.
Гэвч Засгийн газар хамтарсан нэрийн дор төрийн өмчит компани болон төрийн оролцоотой үйлдвэрийн газруудад 400 гаруй бүтээмжийн болон хяналтын менежер томилох нь. Одоогоор Ардчилсан намаас 20 гаруй менежер төрийн өмчит компанид менежерээр томилогдсон бол МАН-аас ч мөн тооны гишүүнээ төрийн өмчит компанид менежер нэрийн дор байршуулаад байна гэж хэлж болно. Мөн ХҮН нам ч хүнээ байршуулсан. Энэ бол зардлыг улам өсгөж байгаа гэсэн үг юм.
Жишээ татвал, зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд буй найман компанид 16 бүтээмжийн болон хяналтын менежер томилжээ. Засгийн газраас гаргасан шийдвэр тул төрийн өмчит компаниуд хэрэгжүүлэхээс аргагүй аж.
Харин менежерүүдийн сарынх нь цалин хамгийн багадаа 5-6 сая төгрөг, газрын дарга нарын хэмжээний эрх ямба эдлэх тул машин унахаас эхлээд зардал шаардаж буй. Гэвч Засгийн газарт хамтарсан намуудын дарга нар “Төрийн өмчит компаниудад менежер томилж байгаа нь хулгай гаргахгүйн тулд дотроос нь хяналт тавих зорилготой” гэж хээвнэг хариулж зогсоно.
Тэр бүү хэл, Сангийн сайд Б.Жавхлан ““Засгийн газрын бүтцэд дээрх орон тоог нэмээгүй тул төсөвт дарамт ирэхгүй. Зарлага орлогоо өөрсдөө тооцоод явдаг аж ахуй нэгжүүд дээр нэмэгдэж байгаа орон тоо” гэдэг хариулт өгч дамшиглаж байна.
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга З.Дашдаваа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд өчигдөр оролцохдоо “Төрийн өмчит компаниудын тоо нэмэгдэх тусам хянахад бэрх болж, авлигад өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна” гэж учирлав.
Учир нь, төрийн өмчит компанийн зарим албан тушаалтнууд нийтийн албан тушаалд харьяалагддаггүй тул хөрөнгө орлогыг нь хянах боломжгүй байдаг аж.
Уг нь өнгөрсөн хугацаанд хамгийн том хулгай төрийн өмчит компаниуд дээр гарч, хурган даргын сейфнээс нь тэрбум, тэрбумаар мөнгө хураагдсан тохиолдол ч гарсан. Гэтэл одоог болтол тэдний хөрөнгө орлогыг нь хянаж байх мэдүүлэг авах эрх зүйн зохицуулалтыг хийгээгүй байна гэдэг нь төр өөрөө авлига авахыг нь, хулгай хийхийг нь өөгшүүлж боломж олгож иржээ гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй л болов уу.
Нөгөө талдаа олон улсын байгууллагуудаас “төрийн өмчит компаниудын тоог бууруулж, засаглалыг сайжруулах нь авлигыг бууруулах нэг алхам” гэдэг зөвлөмж өгөөд удаж буй ч ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүргэсэн байгаа юм.
Одоо Засгийн газар хамтарсан нэрийн дор нам, намын тавиулуудыг хяналтын менежер, бүтээмжийн менежер гэдэг сүржин гуншин зүүлгэн, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газарт томилохоо зогсооно уу. Төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газар бүр Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-тэй. ТУЗ-ийг яах гэж байгуулдаг юм, тухайн компанийг ашигтай ажиллуулах, мөн хяналт тавих үүрэгтэй. ТУЗ-тэй зэрэгцүүлж бүтээмжийн менежер, хяналтын менежер томилно гэдэг бол УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэнчлэн “Энэ бол улс төрийн авлига. Намуудыг дуугүй болгох гэж байгаа нэг арга. Найран дундаа идэж, уух гэж байна” гэсэн нь хардалт гэхээс илүү бодит үнэнийг хэлсэн анхааруулга юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ