VS:Цалинтай ээжийн мөнгийг 500 мянга болгох боломжтой, боломжгүй
Д.Үүрийнтуяа
УИХ-ын гишүүн
-УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг их хөнддөг. Цалинтай ээж гэж нэрлэж байгаа 50 мянган төгрөг хүн амын өсөлтийг дэмжих бодит урамшуулал болохгүй байна гэдэг. “Цалинтай ээж” хөтөлбөр нь халамжийн бодлогоор явах ёсгүй юм. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжсэн урамшууллын бодлого байх ёстой. Цалин гэж нэрлэж байгаа бол ядаж сард 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд олгох нь зүйтэй юм.Хүүхдээ нэг нас хүртэл нь ээжүүд хүүхдийн сүүний, живхний мөнгөтэй байх боломжийг нь хангадаг болмоор байгаа юм. Хүүхэд нэг нас хүрсний дараа тухайн ээж ажил хийж, ажил мэргэжилдээ өсөх боломжийг хангаж, цэцэрлэг яслийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болгох бодлого байх хэрэгтэй байна. Хүүхдээ гурван нас хүртэл сард 50 мянган төгрөг аваад гэртээ хүүхдээ хараад сууна гэдэг эдийн засгийн хувьд ч тэр, хувь хүний хөгжлийн хувьд ч асар их боломжийг алдаж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Эмэгтэй хүн дөрвөн хүүхэд төрүүллээ гэхэд 12 жилийг буюу өөрийнхөө идэвхтэй өсөж хөгжих насыг гэр бүлдээ зарцуулж байгаа юм. Энэ 12 жилийг гэр бүлдээ зарцуулах шийдвэр гаргаж байгаа эмэгтэй хэр олон байна вэ гэдгийг бид хүн амын өсөлтийн бодлоготойгоо уяж бодох ёстой. Тийм учраас эмэгтэйчүүд гэр бүлээ төлөвлөөд, хүүхдээ төрүүлээд ажлаа хийх нөхцөл боломжийг бид бүх төрлөөр, бүх механизмаар дэмжих, урамшуулах бодлого шаардлагатай байна. Хүн амын өсөлт огцом буурч байна. Монгол Улс 2050 он гэхэд 5 сая хүн амтай болох зорилт тавьсан.Гэтэл 2023, 2024 онд хүн амын өсөлтийн хурд буурсан байна. Хүн амын өсөлтийг дэмжихийн тулд Алдарт эхийн одон, Цалинтай ээж, Хүүхдийн мөнгө олгох зэрэг арга хэмжээ авсан нь ач холбогдлоо өгсөн. Харин өнөөдөр эдгээр арга хэмжээнүүддээ тодорхой хэмжэээний өөрчлөлт оруулах цаг нь болсон. Тухайлбал, Цалинтай ээжийн 50 мянган төгрөг ээжүүдэд бодит дэмжлэг болж чадахгүй байна. Энэ үнийн дүнг 500 мянган төгрөг болгох боломжтой гэж харж байна.Энэ бол ердөө ганцхан л хөшүүрэг. Энэ мэт олон арга хэмжээг авах ёстой. Монгол Улс нийгмийн хамгааллын бодлого, нийгмийн халамжийн бодлоготоо ялгаа заагтай ханлах учиртай. Цалинтай ээж гэж нэрлэгддэг уг хөтөлбөр нийгмийн халамжийн биш хамгааллын бодлого юм.
М.Нарантуяа /Нара/
УИХ-ын гишүүн
-Гурван жилийн турш 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сарын 50 мянган төгрөг өгөхөд нийт 1.8 сая төгрөг болж байна. Хэрэв тухайн ээж хүүхдээ 2 нас хүргээд ажилд ороод НДШ төлөөд эхлэх юм бол уг мөнгийг олгохоо зогсоодог. Тиймээс ээжүүдэд хүүхэд нь 2 нас хүртэл сарын 100 мянган төгрөг олгох нь зөв гэж боддог. Одоо ер нь нэг зүйлийг ойлгомоор байна. Төрийн мөнгө гэж ерөөсөө байхгүй. Татвар төлөгч нийт иргэдийн мөнгө гэж бий. Монгол ээжүүд хэзээ төр засаг нь мөнгө өгөхгүй бол амьдарч чадахгүй гэх хэмжээний сул дорой байсан юм. 2012 оноос хойш эрх баригч хоёр нам сонгуулийн санал авахын тулд иргэдээ халамжаар угжсаны хар гайгаар өнөөдөр хүний өмнөөс амьдарч байгаа мэт хүмүүс бий болсон. Эрүүл ухаанаар тооцож үзвэл сар бүр 0-3 насны хүүхэдтэй ээжүүдэд 500 мянган төгрөг олгоно гэвэл сард улсын төсвөөс 85 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай. Ийм хэмжээний төсөв санхүүгийн нөөц боломж байхгүй. Энэ оны төсөв нэгэнт батлагдчихсан. Ирэх оны төсөв дээр ч ийм хэмжээний мөнгө суулгах боломж байхгүй. Юм л бол халамжийг тэлэх, хавтгайруулах санал санаачилга гаргаж улс төрийн ашиг хонжоо хайдаг, улс орны эдийн засгийн хөгжлийг хойш татдаг улстөрчдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Хүний эрхийн асуудал Монголд хүнд байна. Хүний эрх гэхээр зөвхөн өөрийнхөө эрхийг боддог. Хүүхнд төрүүлчихээд хүүхдээ асрамжийн газар аваачиж орхиод өөрөө хүүхдийнхээ мөнгийг авч байгаа эцэг, эхчүүд ч бий. Энэ асуудал Монголын эмгэнэл болсон. Хүүхэд төрүүлж, өсгөх гэдэг эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын асуудал. Гэтэл хүний өмнөөс хүүхэдтэй болчихсон мэт бусдаас халамж хүсэх бүхэл бүтэн арми бий болчихож. Хүүхдийн 100 мянган төгрөг авдаг иргэдийн 40 хувь нь хүүхдээ тэжээх ёстой атал хүүхдийнхээ мөнгөөр өөрсдийгөө тэжээж байна. Би байнга хэлж байгаа, УИХ-ын гишүүн болох нь хүршгүй дээд оргил эсвэл хүрмэгц нирвааныг олчихдог эргэж буушгүй ажил биш.Дэндүү гэнэн байна. Сар бүр 500 мянган төгрөг өгдөг болбол одоогийн 50 мянган төгрөг илүү үнэ цэнтэй байсныг мэдрэх өдөр ирнэ.Тэр хэрээр инфляци, үнийн өсөлт галзуурна.Ядаж байхад ямар дамын наймааны нийгэмтэй улс билээ. Цалин нэмэгдсэн хэрээр үнэ нь өсдөг улстайгаа мартчихсан, их гэгээлэг. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, хамтдаа 500 мянга болгоосой гээд л мөрөөдөцгөөе. Сайд нь ч ямар ч боломжгүйг хэлсээр байна.Хөрсөн дээрээ бууж, өнөөдрийг илүү хүртээмжтэй болгохоос илүү хий мөрөөдөж цаг хугацаа бардаг Монгол зан яг л мөн шүү.
3,607.57





















































Холбоотой мэдээ