niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 12:34 UTC Эх: https://news.mn/r/2792518/ d239875a1ed46424… ← niitlelch.mn руу буцах

Хөндөх сэдэв: Малчдын халамжийг хазаарлая!

Хуучирсан мэдээ: 2025.04.02-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Малчдын халамжийг хазаарлая!

Хөндөх сэдэв: Малчдын халамжийг хазаарлая!

Монгол Улс 2024 онд 57 сая толгой мал тоолуулсан. Харин хүн амын тоо 3.5 саяулаа. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын тооноосоо 14 дахин их мал сүрэгтэй гэсэн үг. Гэвч харамсалтай нь мал өсөхийн хэрээр мах, цагаан идээний үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Уг нь зах зээлийн хуулиараа мал сүрэг нь өсөхийн хэрээр мах, цагаан идээний үнэ буурах ёстой. Гэтэл өнөөдөр тийм биш. Монголчууд уламжлалт баяр болохоор л малчдын бэлтгэдэг сүү цагаан идээ, махны үнэ тэнгэрт хадсаныг гайхацгаадаг.

Малчдын хувьд ч төрөөс халамж авдаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг болж хувирсан.

Тухайлбал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж, ямаанд нь мөнгө өгөөд зогсохгүй малчин өрхийн нэг хүүхэд оюутан болбол сургалтын төлбөрийг нь төрөөс даана гээд халамж, урамшууллууд нь ар араасаа хөвөрнө. Гэтэл зарим малчид улсад ямар нэгэн татвар, нийгмийн даатгал төлөхгүй мөртлөө үнэтэй жийп хөлөглөж, малаа мотоциклоор хариулж, аймаг, хотод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй байх жишээтэй.

Малчны тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Энэ хуульд малчнаар 10-аас доошгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал ахуйн тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулна гэж тусгасан байна.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурал дээр мэдээлэл өгөхдөө "Малчны тухай хуулийн энэ заалт хэрэгжинэ. Малчны нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах санхүүжилт БЗС-гийн төсөвт тусгагдсан. Энэ намрын элсэлтээр боломжийг нь хангаж, 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжинэ" гэсэн юм.

Мөн энэ заалтаас гадна малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох, гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх гэх мэт малчдад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгосон юм.

Монгол Улсын ажиллах хүчний 20 хувь нь малчид байна. Нийт 220 гаруй мянган малчид хөдөлмөрийн насных бөгөөд эдгээрийн ердөө 25-30 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үлдсэн нь шимтгэлээ төлж чаддаггүй учраас нийгмийн баталгаа нь алдагдаж гэдэг шалтгаанаар малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даахаар болсон.

Үндсэндээ малчдад өгч буй төрийн халамж жил бүр нэмэгдэж, тэд малаа зарах сонирхолгүй болж байна.

Зарим мянгат малчид малаа өсгөхөөр хэт улайрч, худалдааны мах авч, иддэг гэх яриа ч бий. Орчин цагт малчин хүний хөдөлмөрийг малын тоогоор хэмждэг болсон. Арав гаруй жил мал маллаж буй малчны ихэнх нь мянган толгой давсан малтай. Гэтэл өнөөдөр төрөөс нэг хүүхдийг нь үнэ төлбөргүй сургах нь хэр зөв бас шударга вэ.  Тиймээс малчдад өгч байгаа хавтгайрсан халамжийг зогсоох нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж