Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ "Миний хамаарал бүхий компанийн залуус "UB palace"-ийн газрыг худалдаж авсан нь үнэн. Цаашдаа юу хийх, юу барихаа шийдээгүй байгаа" гэдэг хариулт өгсөн. Харин өнөөдөр тэрбээр, "UB palace" орчим өндөр барилга барьж болохгүй, эрчим хүч хүрэхгүй гэсэн асуудал байхгүй гэв.
Тодруулбал, тэрбээр, миний хамааралтай компани "UB palace"-ын газрыг худалдаж авсан. Хуучин эзэмшиж байсан компани нь үр ашиггүй болж, дампуурлын байдалд шилжсэн учраас танай компани авахгүй биз гэдэг санал тавьж ирсэн юм билээ. Түүний дагуу хоёр аж ахуй нэгж харилцан тохиролцож, худалдаж авсан нь үнэн. Бизнесийн үйл ажиллагаа учир тус газарт юу хийх, яаж, хэзээ хийх, эхлүүлэх талаар судалгааг хийж байна гэсэн. Тус газар орчимд өндөр барилга барих эсэх шийд гараагүй, судалгааны шатанд явж байгаа гэлээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ талаар "Хоёр хуулийн этгээдийн хоорондох бизнесийн харилцаанд бид оролцох боломжгүй. Одоогоор тухайн газар дээр барилга барих зөвшөөрөл хүссэн бичиг, баримт ирээгүй" гэдгийг тодотгосон юм.
Эрчим хүчний сайдын хэлж байгаагаар Баянгол дүүрэгт өөрийнх нь болон бусад аж ахуй нэгжийн хамаарал бүхий барилгын компаниуд бий. Эрчим хүч дутагдалтай байгаа энэ нөхцөлд нийслэлд орон сууц нэмж барих нь дутагдалд дахин оруулах эрсдэлтэй. 2023, 2024 онд нийт 400 мВт-ын хүсэлтүүд ирсэн бөгөөд шийдвэрлэж чадаагүй байгаа нь үнэн. Гэхдээ бид зүгээр суухгүй. Амгалан дулааны цахилгаан станцыг 400 мВт-аар өргөтгөе гэж байгаа. Өргөтгөвөл хотын төвөөс Их дэлгүүр хүртэлх хэрэглэгчдийг тэжээх боломж бүрдэнэ. Ингэснээр ТЭЦ 3, 4 дээр эх үүсвэр тогтворжиж эхэлнэ. Баянгол дүүрэг бусад хэсгүүдэд орон сууцны барилгууд ашиглалтад ороход эрчим хүч хүрэхгүй гэсэн асуудал байхгүй гэсэн юм.
3,607.57















































