ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Том мэтгэлцээний ард Монгол Улсын парламент хөрш оронтойгоо нэгдсэн ойлголцолд хүрч чадлаа. Цаашид гурван улсын эдийн засгийн төмөр замын коридор болсон төслүүдээ хурдтай явуулахын төлөө Засгийн газар бүх чадлаараа хичээж ажиллана. Гашуунсухайтын хил холболт нь Хамтарсан Засгийн газрын зарласан 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн эдийн засгийн хувьд хамгийн чухал төсөл юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байна. Шивээхүрэн боомтыг урагшаа холбосноор экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН: УИХ, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсны дараа компани хоорондын гэрээ хийнэ. Ингэснээр нүүрсний борлуулалт сайжирна. Төмөр замын хил холболтын асуудал ганцхан Гашуунсухайт дээр шийдэгдэж байгаа юм биш. Ханги Мандал, Шивээ хүрэнгийн боомтыг холбох бүр цаашлаад гурван улсын хооронд баригдах баруун зүүн коридор тавигдах гэх мэт эерэг олон шийдэл дагуулна. Мөн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараагийн том төслийг эхлүүлэх боломж бүрдэж байна. Хил холболт хийгээгүйгээс өнгөрснө хугацаанд Монгол Улс 4.5-5 тэрбум ам.долларыг зөвхөн борлуулалтын орлогоос алдсан. Хэрэв Гашуунсухайтын хил холболтыг яаравчлан хийхгүй бол илүү их орлого алдана гэсэн үг.
Гэж эрх баригчид Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг ач холбогдлыг тайлбарласан. Тиймээс хаврын чуулганаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан нь төмөр замын болон эдийн засгийн түүхэнд үйлдэх том үйл явдал мөн үү, мөн. Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Ц.Тувааныг салбары сайдаар ажиллаж байх хугацаанд…. гэж түүхэнд бичигдэх нь тодорхой.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоог Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас гаргасан байна.
Монгол Улс 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Гэвч дотоодын улс төрийн талцал, зөрчлөөс болж 15 жилийг алдсан. Алдагдсан боломжийг мөнгөн дүнгээр тооцвол том тоо гарна. 2015 онд төмөр замаа холбож чадаагүйгээс дор хаяж 18 их наядын экспортын орлого алдсан болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нууж хаалгүй мэдээлж байлаа.
Гашуунсухайтын боомт бол экспортын гол боомт. Монголын эдийн засаг экспортын хувьд Гашуунсухайт боомт дээр, импортын хувьд Замын-Үүдийн боомт дээр түшиглэдэг. Тодруулбал, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспортын 55, зэсийн баяжмалын экспортын 60 хувийг гаргадаг.
Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг хийснээр эдийн засгийн хувьд шинэ сэргэлт авчирна. Энгийнээр тайлбарлавал гарлагын үүд хаагдаж орлогын үүд нээгдэж байна. Монголын нүүрсний экспорт учирч буй гол бэрхшээл нь тээвэрлэлтийн зардал. Хятадын бөөрөнд байрлах ч Монгол ядуу, гуйлгачин хэвээрээ байгаа нь орлогын үүдээ нээж чадахгүй олон жил болсонтой холбоотой. Гадаад талаасаа Монголын ядуу, буурай байлгар улс төрийн ашиг сонирхол орсон. Дотоодын зарим улстөрчдийн богино бодол ч нөлөөлсөн.
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтад 976 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдаж байгаа. Өмнө нь энэ мөнгийг нүүрсний бартераар төлнө гэж эрх баригчид ярьж байсан. Гэвч эцэст нь “Эрдэнэс Тавантолгой” бэлэн мөнгөөр тус төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ирээдүйгээ барьцаалахаар болгоомжлов уу, бололцоо мөнгөтэй болов уу. Гэдэг тодорхойгүй ч, 20 жилийн хугацаанд дэлхийн зах зээлээс 15-30 хувийн хямралтайгаар нүүрсээ Хятадын компаниудад өгөх шийдлээсээ ямартай ч буцсан нь зөв байлаа. Анхнаасаа нарийн царигтай төмөр зам тавьчихсан бол Монгол Улс хожих байсан. Нарийн царигтай төмөр зам тавьснаар урд хөршөөс цэрэг, танк орж ирнэ гэдэг суртал ухуулга хойд хөршөөс чиглүүлсэн улс төрийн акц байсныг монголчууд одоо л ойлгож байх шиг. Төмөр замын хил холболтоо хийж, боомтын хүчин чадлаа нэвтрүүлэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, нүүрсний экспортын орлого нэмэгдэхгүй гэдгээ…!
Хоёр улсын төмөр замын хил холболтыг барихын тулд хилийн цаана, наана нүүрс ачиж буулгах терминал барих зайлшгүй шаардлагатай. Тиймээс ачиж буулгах байгууламжийг Хятал өөрийн зардлаар, Монгол мөн өөрийн зардлаар барина.
Салбарын сайдын өгсөн мэдээллээр Гашуунсухайт боомтод 1.4 км урт, хос төмөр зам бүхий гүүр барих аж. Гүүрийн өндөр 28 метр, гүүрний газар доорх суурь 50-60 метр байх гэнэ. Хил холболтын бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2028 онд ашиглалтад оруулахаар тооцжээ.
Ийнхүү 15 жилийн турш төмөр замын төсөл мөнгө үү, геополитик үү гэж маргалдан, улс төр-эдийн засгийн халуун сэдэв байсаар ирсэн Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалт гараанаас гарсан нь ганц үнэн. Гашуун үнэн нь гарцаа нээхгүйгээр мөнгөтэй болж чадахгүй.
Б.БАТ
3,607.57




















































Холбоотой мэдээ