niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 16:34 UTC Эх: https://news.mn/r/2787600/ 00e72aaaf9c35d2a… ← niitlelch.mn руу буцах

Б.Дэлгэрсайхан: 4600 км төмөр зам барина

Хуучирсан мэдээ: 2025.03.10-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан: 4600 км төмөр зам барина

Б.Дэлгэрсайхан: 4600 км төмөр зам барина

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн өнөөдөр /2025.03.10/ Улаанбаатар хотноо эхлээд байна. Монгол, Орос, Хятад, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, Узбекистан,  БНСУ  зэрэг нийт 12 орны төлөөлөл энэхүү зөвлөгөөнд оролцож, өнөө жил төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцохын зэрэгцээ дэлхий дахин эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй энэ эгзэгтэй үед  хэрхэн ачаа тээврийн хэмжээг бууруулахгүй байхад анхаарч ажиллах талаар бодлого боловсруулах аж.

Монгол Улсын хувьд төмөр замаар тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, хөрш орнуудыг холбосон төмөр замын төв шугамыг шинэчлэх, хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох, шинэ терминалууд барих, ашигт малтмалын томоохон ордуудын бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ төмөр замууд барих  ажлуудыг үе шаттай эрчимтэй хэрэгжүүлж байна.

Энэ зорилгоор Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх ажлыг нэн түрүүн хийж хэрэгжүүлж байгааг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр онцоллоо.

Тухайлбал, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 234 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан. Энэ ажил хэрэгжсэнээр жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болно. Мөн Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр олон арван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ.

Цаашдаа үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замуудыг үе шаттай барих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх юм.

Харин “Улаанбаатар төмөр зам”  хувь нийлүүлсэн нийгэмлэг нь одоогийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридороос гадна Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо коридор, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо коридорын төмөр замыг барих шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр “Улаанбаатар төмөр зам”-ын төв коридорын ачааллыг тэнцвэржүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр хурдан шуурхай нэвтрэх боломжтой болох аж. ОХУ-БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замуудаас гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлнэ.

Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол замын нэвтрүүлэх хүчин чадал 2030 онд 50,6 сая тонн, 2050 онд 90,7 сая тонн болж өснө.

Тэрчлэн тус нийгэмлэг дүрмийн сангаа 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хүчин чадлаа өсгөжээ.

Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 2024 онд 33.4 сая тонн ачааг тээвэрлэсэн нь хүчин чадлаасаа даруй 20 хувиар илүү ачааг тээвэрлэсэн байна. 2030 онд 50.6 сая тонн ачааг тээвэрлэхийн тулд тус төмөр замаар тээвэрлэх боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос замтай болох, цахилгаанжуулах ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Дэлхийн төмөр замуудын хөгжлийн чиг хандлага ямар байна, түүнд хүрч хөгжиж байж тавьсан зорилтдоо хүрч ажиллах боломжтойг холбогдох албаны хүн энэхүү зөвлөгөөний үеэр онцоллоо.

Одоогоор “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь нийт 21 төрлийн ачааг тээвэрлэдэг.

Ачаа тээврээс өнгөрсөн хугацаанд алдагдал хүлээж ирснийг тарифт  өөрчлөлт оруулснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүнс болон нефтийн бүтээгдэхүүнээс бусад тарифыг өөрийн өртгөө нөхөх хэмжээнд ашигтай болгож, чаджээ.

Сануулахад, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж 2024 онд 3144-т хүрсэн нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж буй аж. Зөвлөгөөн Улаанбаатар хотноо тав хоног үргэлжилнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж