Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрд орж ирэх замыг нь засч, “засуулаар” нь ажилласан хүн бол яах аргагүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэж хэлж болно.
Сүүлийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар зөрчилдөөнтэй байх болсон тухай “бор шувуу” нисэх болсон. Эл асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонинд” ярилцлага өгөх үеэрээ хариу өгчээ. Тэрбээр “За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий. Гэхдээ мэдээж цаг нь болохоор” гэдэг хариулт өгөөд байна.
Мөн МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболдтой хамтран ажиллаж байгаагаа ч мэдэгдэв. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидний харилцаа хэвийн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа” гэх хариулт өгөөд байна.
УИХ-ын дарга асан М.Энхболдын хувьд МАН-ын даргаас буусан цаг үеэс улс төрөөс ч зай барин чимээгүй амьдрах болсон. Хааяахан Төрийн ордонд ирэх үед нь хэвлэлүүд чих тавих ч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн асуудлыг зохицуулчихав уу гэхээс өөр тоймтой зүйл дуулдалгүй өдийг хүргэсэн. Харин Ерөнхий сайдын тайлбарласнаар МАН-ын экс дарга тусгай үүрэгт Элчин сайдын алба хашиж мэдэх нь ээ.
Сэтгүүлч "Вэнс яах аргагүй Ерөнхийлөгч Д.Трампын хувьд түших гол хүн гэж харагдаж байгаа. Манай улс төрд Вэнсүүд байна уу" гэх асуултад "Бодлогын асуудлыг би яримааргүй байна. Зүгээр л Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Дэлхийд ч цөөхөн. Ихэнх нь лидерээ шимэгчилж, сайхан үед нь хамт байж, саар үед нь шалтаг гарган зугтаж амьдардаг. Би ч тэргүүн эгнээнд гал авах дуртай болоод ч тэр үү, таалагдаад байгаа. Итгэл үнэмшил нь тодорхой хүмүүс худлаа биш үнэн байдаг.
Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг" гэсэн нь танхимдаа сэлгээ хийх үү гэдэг таамаг дэвшүүлэхэд ч хүргэв.
Мөн энэхүү ярилцлагаар дамжуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жүжигчин О.Дөлгөөнтэй хамтарч амьдарч байгаа юу гэх дуулианд асуудалд ч тайлбар хийгээд байна. Энэ асуултад “Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна” гэх хариулт өгчээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ