niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 18:32 UTC Эх: https://news.mn/r/2785568/ d2c4a195ec7e2314… ← niitlelch.mn руу буцах

Х.Баттулгын эффект ба З.Энхболдын COMEBACK!

Хуучирсан мэдээ: 2025.02.26-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын эффект ба З.Энхболдын COMEBACK!

Х.Баттулгын эффект ба З.Энхболдын COMEBACK!

Монголын улс төр дэх “сиамын ихэр”-үүдийг жагсаая гэвэл тэргүүн эгнээнд Х.Баттулга, З.Энхболд хоёр бичигдэнэ. Ерээд оны их хувьчлалаар ашиг сонирхол нэгдсэн тэдний олон жил тэврэлдсэн эрх ашгийн ард олон нууц бий ч биз.

Их хувьчлалыг гардан зохион байгуулсан гол хүн З.Энхболд байсан. Түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үед Х.Баттулга “Баянгол”, “Талх чихэр”, “Мах импекс”-ийг өөрийн өмч болгосон нь бодит факт. Товчхондоо бол тэд нэг тэрэгний хоёр дугуй. Тиймээс З.Энхболдгүйгээр Х.Баттулга хол явж чадахгүйгээ, Х.Баттулгагүйгээр З.Энхболд хослон тоглох баггүйгээ сайн мэдэж байгаа. Тиймдээ З.Энхболдын улс төрд эргэн ирэх замыг Х.Баттулга засч, Х.Баттулгын дараагийн улс төрийн замналыг нь  З.Энхболд тавьж өгөхөөр тохирсон нь нэн тодорхой болжээ.

Засгийн газар, “MCS” хоёрын зодооны ард З.Энхболдыг УИХ-ын гишүүн болгох, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд сойх улс төр сэм өрнөж байна.

Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хянаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхээс Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэгт үйлдсэнд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгосон байдаг.

УДШ-ийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй. УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т зааснаар "УИХ-ын гишүүн хууль зөрчсөн нь шүүхээр шийдэгдсэн тохиолдолд эргүүлэн татах асуудал яригдана”.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5.1-т “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 5.2-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно” гэж заасан бий.

Тэгэхээр УДШ-ээс гаргасан шийдвэрийг УИХ хэлэлцэхгүй, зөвхөн биелүүлэх ёстой үүрэгтэй. УИХ шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл хууль тогтоох байгууллагын нэр хүнд унана.

Хуулийн засаглал хууль тогтоох байгууллагаас эхлэх ёстойг сануулах хүн МАН-д ч бий, АН-д бий. Нэн ялангуяа дараагийн улс төрийн сценариа аль хэдийнэ зурчихсан, тэр дагуу манипуляци хийх болсон улстөрчдийн хувьд улс төрд эргэн ирэлт хийх сайхан далим болох нь гарцаагүй.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хамтран үйлдсэн гэх З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох гэмт  хэргийг нийслэлийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Ингэхдээ Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцож, түүнд хоёр жилийн ял оноосон бол З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэж, гэмт хэргийн шинжгүй гэж үзээд цагаатгасан.

З.Энхболдыг цагаатсан нь хэн нэгний “захиалга” эсэхийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Д.Цогтбаатарыг эгүүлэн татсан тохиолдолд  нөхөн сонгуулиар З.Энхболд нэр дэвшихэд хуулийн саадгүй болсон гэсэн үг. Д.Цогтбаатарыг эгүүлэн татах сургаар олон хүн нэр дэвших бэлтгэлээ сэмхэн базааж эхэлсэн гэх. МАН-аас Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, АН-аас З.Энхболдоос гадна А.Адъяасүрэнгийн нэр ч дуулдах болсон.

Хэдэр ёдор, хэрүүл заргачаараа алдартай З.Энхболд хэрэвзээ парламентын танхимд орж ирэх нь Х.Баттулгад ашигтай. АН-ын бүлэг дээр З.Энхболдын өмнөөс ам ангайх гишүүн бараг байхгүй болно. З.Энхболдын дэмжлэгтэйгээр Х.Баттулга АН-ыг авна гэж зүтгэнэ. АН-ын дарга болж байж дараагийн албан тушаал дээрээ очно гэдгээ Х.Баттулга хэдийнэ тооцсон байгаа. Бүх хувилбар дээр хувийн хонжоо бодож хөдөлдөг нь түүний гол мэх.

ҮХНӨ-ийг өдрийн бодол, шөнийн зүүдээ болгож буй ганц хүн бол У.Хүрэлсүх биш Х.Баттулга гэхэд болно.  2019 онд МАН-д молигодуулсан хорслоо тэр мартаагүй яваа. Нэг зуусан хүнээ дэвсэлж байж санаа амардаг зан З.Энхболдод ч бий, Х.Баттулгад ч байдаг. М.Энхсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар яалаа, Ж.Оджаргал өнөөдөр яаж байна.

Ерөнхийлөгчид нэр дэвших боломжоо Үндсэн хуулиар хязгаарлуулсан Х.Баттулгын хувьд С.Ганбаатараас илүү З.Энхболдыг сайн мэднэ. Н.Энхбаяраас урвасан хүн Х.Баттулгаас урвахгүй гэх баталгаагүй. “Батмөнхийг хаан болгож би өөрөө хатан нь болно” гэдэг шиг 2027 онд З.Энхболдыг Ерөнхийлөгч болгож АН-ыг аваад өөрөө 2028 онд Ерөнхий сайд болох сценарийн эхлэл нь “Хөх туг” аян юм.

Х.Баттулга, З.Энхболд хоёр парламент дотроос хүч хавсайдах юм бол тэдний улс төрийг зогсоох хүч АН-д байтугай МАН-д байхгүй. Байсан бол Х.Баттулга парламентын гишүүн болохгүй байсан юм. АН, МАН-ынханд ахин, дахин анхааруулахад шударга бус улстөрчдөд эрх мэдэл олгох нь ухаан солиотой хүнд илд бариулсантай адилхан гэдэг. Халхын заяа хаячихаагүй л байгаасай даа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж