Улаанбаатар хот хоёр жилийн өмнө үерт автахад Сэлбэ, Туул, Дунд гол даган хууль зөрчин баригдсан барилгуудыг нураах шийдвэрийг албан тушаалтнууд гаргахад “Авлига” нэрээр олноо танигдсан “Аqua Garden” багтсан. Гэвч уг орон сууцны хороолол баригдсаар ашиглалтад ороход төр дэмжлэг үзүүлжээ гэж тодотгоход буруудахааргүй байна. Учир нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Аqua Garden”-д цахилгаан нийлүүлэхгүй гэдэг шүүхийн шийдвэр гараагүй тул эрчим хүчээр хангаж байгаа юм билээ” гэх тайлбараас ойлгож болно.
Уг нь дээрх газарт анх усан парк барих нэрээр 2008 онд газрын зөвшөөрөл авсан ч орон сууц барьсан, мөн Дунд гол орчимд барьсан тул Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдох газруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүх дээр асуудал очсон.
Гэвч эзэмшигчид нь газрын зөвшөөрлөө авсан гэдгээр шалтаглан барилгын ажлаа үргэлжлүүлсээр уг хотхоны эхний хэсэг нь энэ хавар ашиглалтад орох болж буй. Захиалга ч аваад эхэлсэн байдаг. Тодруулбал, орон сууцныхаа 1 м2 талбайг 5.2 сая төгрөгөөс 5.4 сая төгрөгөөр үнэлсэн. Одоогоор хэчнээн хүн захиалга өгсөн нь тодорхойгүй ч ашиглалтад орсон нөхцөлд иргэд амьдарч таарна. Энэ тохиолдолд Усны тухай хуулийг зөрчсөн барилгад амьдарч байгаа иргэдийг хөөх үү, эсвэл бууж өгөөд амьдрах эрхтэй нь үлдээх үү гэдэг бас нэг асуудал нэмэгдэх болж таарч байна.
Ердөө хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод үер бууж, хүний амь нас эрсдэн, олон арван аж ахуй нэгжүүд хэдэн зуун сая төгрөгийн хохирол амсан, голын гольдролыг өөрчилж барилга барьсан аж ахуй нэгжүүд, мөн газрын зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэх асуудал Ерөнхий сайдын төвшинд яригдаж өндөр авч байсан ч өнөөдөр мартагдсан сэдэв болж хувирчээ. Сүх далайтал үхэр амар гэгчээр нийслэлд үер буутал энэ сэдэв хөндөгдөхгүй нь бололтой.
Хуулийнхан үер буусан жил хотоос нэр бүхий хэдэн хүнийг саатуулаад тавьсан. Ухаад төнхөөд “но” гараагүй юу, аль эсвэл зөвшөөрөл олгосон хүмүүс нь төрийнхнөө аргалчихсан уу, хууль зөрчиж баригдсан барилга хэзээ мөдгүй ашиглалтад орох болж байна.
Энэ янзаар бол удахгүй уг барилгыг Улсын комисс хүлээн авсан мэдээ цацагдаж эхлэх биз.
Ер нь ийм байдлаар хууль зөрчсөн барилгууд голын ай сав дотор баригдсаар байвал цаашдаа төр нь эрчим хүчээр хангаж, барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжоор хангасаар л байх бололтой. Учир нь, шүүхээс “Эрчим хүчээр хангаж болохгүй” гэдэг шийдвэр гаргаагүй гэж дамшиглаж байна. Шүүхээс дээрх шийдвэр гаргаагүй байлаа ч Усны тухай хуулийг зөрчөөд барилга барьсан нь үйл ажиллагааг нь зогсоох хэмжээний үндэслэл боловч цаагуураа эрх ашиг холбогддог уу, аль эсвэл үнэхээр тэмцээд дийлэхгүй байгаа юм уу. Хууль зөрчигчдийн өмнө төр үнэндээ жулдах боллоо.
Эцсийн эцэст хууль зөрчсөн нь төрийн дээр гардаг болох нь. Үр дагаврынх нь эцсийн хохирогч иргэд л болдог.
Байгалийн гамшгийн өмнө Монгол байтугай дэлхийн том гүрэн хүчин мөхөстөж буйг өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д дэгдсэн түймэр харуулсан.
Улаанбаатар хотод нэг шөнө бороо ороход л Туул, Сэлбэ гол дагасан нийтийн эзэмшлийн орон сууцнууд усанд автаж, хэдэн зуун айл цахилгаанаа хязгаарлуулж, амьдрах аргагүй болж байсан нь саяхан.
Тиймдээ ч түүнээс сургамж авч, голын гольдрол өөрчилж, барилга барьсан компаниудад хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байсан ч хоёр жил өнгөрхөд өнөөх л бахь байдгаараа.
S.Outlet, Шунхлай ШТС-ын түгээх станцыг буулгаж, камераар харуулсныгаа тусгай бүсийн зайлшгүй нураах шаардлагатай обьектуудын жагсаалтыг хаав бололтой.
Уг нь үер буусны дараа Онцгой хамгаалалтын бүс буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байгааг нийслэлээс мэдээлсэн. Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр ч гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлэхээр болсон. Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван обьект нэр заан дурдагдахад "Aqua garden" буюу авлига хороолол багтсан ч энэ хугацаанд төр нь цахилгаан, дулаанаар хангасаар ашиглалтад орох боллоо.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ