Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий сайд нар өчигдөр /2025.02.14/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Хэлэлцээрийг байгуулснаар 17 жилийн турш маргаан үүсгэж, хөгжлөөс хойш чангааж ирсэн төсөлд цэг тавьж буй бөгөөд нүүрсний экспортын өрсөлдөх чадварыг унагааж ирсэн хил холболтын төмөр зам барих ажил эхлэх боломжтой болж буй.
Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тэмдэглэснээр “УИХ-ын хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд эхлэнгүүт гэрээг соёрхон батлуулснаар хэлэлцээрийг дагасан гэрээнүүд хийгдэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн уулзалтын үеэр хил дамнасан төмөр замын холболтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэх талаар ярилцсан байна.
БНХАУ-ын талаас хил холболтын төмөр замыг барихад 2.5-3 жил шаардана гэдэг асуудлыг тавьж буй аж. Харин Монгол Улсын Засгийн газрын хувьд аль болох энэ хугацаанаас өмнө багтаан ашиглалтад хүлээн авах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөхдөө хил холболтын төмөр зам болон гүүрэн байгууламжийг барьж байгуулахад шаардагдах өртгийг бууруулахыг үүрэг болгосон. Урьдчилсан байдлаар энэхүү хил холболтын төмөр замыг барихад 974 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байдаг.
Засгийн газрын хувьд Хятадын төрийн өмчит хоёр компанитай уулзах үеэрээ “Хамгийн хямд үнэ өгсөн, хил дамнасан төмөр замыг гүүрэн байгууламжтай хамтад нь байгуулах нөхцөл өгсөн компанитай хамтарч ажиллах болно” гэдгээ хэлжээ.
Түүнчлэн Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанид тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгох шаардлагатай тухайгаа ч дуулгасан байна.
Ганцмод- Гашуун сухайтын хил холболтын төмөр замын тухайд цаанаасаа нарийн царигтай төмөр зам 300 метрийн зайд байгаа бол Монгол талын төмөр зам хилээс 10 км зайд байгаа юм. Үндсэндээ 10.3 км замын байгууламжийг барих шаардлагатай болж буй.
Нөгөө талдаа хил холболтын төмөр замыг барьж байгуулснаар нүүрсний тээвэрлэлт шууд төмөр замаар саадгүй явах боломжгүй. Дотооддоо төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлага тулгарч буй юм. Өөрөөр хэлбэл, нүүрс олборлож буй уурхайн ам хүртэлх төмөр замыг барьж байгуулах шаардлагатай. Ингэснээр нүүрсний экспортыг өсгөх боломжтой болох юм.
Энэ ажлыг хамтарсан Засгийн газар Монголын төмөр зам компани болон Тавантолгой төмөр зам компаниар гүйцэтгүүлэхээр төлөвлөж буй. Үүний өмнө хоёр төрийн өмчит компанийг нэгтгэн зангидахаар болсон.
Эдгээр ажлууд төлөвлөсөн хугацаандаа хийгдэж, ашиглалтад орсон цагт 2030 оноос Монгол Улс жилдээ 165 сая тонн нүүрс Хятад улс руу экспортлох дэд бүтэц бий болно гэсэн үг. Энэ тохиолдолд нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцож байна.
УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг батлахдаа энэ жил нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Гэвч нүүрсний үнэ унасан нь экспортын орлогод сөрөг нөлөө үзүүлж эхлээд буй.
Харин хил холболтын төмөр замын хэлэлцээрийг хоёр тал байгуулснаар нүүрсний үнэ өсөх болов уу гэсэн хүлээлт нэг талд бий болсон бол, мөн нэг хэсэг нь үнэ энэ хэвээр багаар тогтох нөхцөл үүслээ гэж тайлбарлах хэсэг ч байна.
Ямартай ч дээрх хэлэлцээрийн хүрээнд заагдсан хоёр дахь чухал асуудал нь хоёр улсын Засгийн газар хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах явдал юм. Энэ асуудалтай холбоотойгоор урт хугацааны гэрээ хийгдэнэ. 16 жилээр гэрээг байгуулахаар тохиролцсон. "Чайна энержи" компанийн зүгээс 20 жилийн гэрээ байгуулах хүсэлт тавьсныг 4 жилээр бууруулж 16 жилээр тогтсон байдаг. Нүүрс борлуулах дээд хэмжээг эхний жилд буюу 2025 онд 5 сая тонн, 2026, 2027 онд тус бүр 6 сая тонн, үлдэж буй 11 жилийн хугацаанд жил бүр 20 сая тонн нүүрс борлуулна гэж тусгажээ. Энэхүү нүүрс борлуулах хэмжээ нь хамгийн доод төвшнийхөөр ярьж буй тоо. Өсөх боломжтой.
Монгол Улс нэг хэсэг нүүрсээ сорчилж экспортод гаргасан гэх шүүмжлэлтэй нүүр тулж байсан. Харин энэхүү хэлэлцээрийн хүрээнд нүүрсээ сорчлохгүй бүх л төрлийн нүүрсийг экспортлох хүсэлтээ Хятадын талд тавьсан байдаг.
Ингэхдээ чанараас нь хамаарч хувь заасан. Тодруулбал, коксжих нүүрсэн дээр 55 хувь, гуравны нэгийн коксжих нүүрсэн дээр 35 хувь, эрчим хүчний нүүрсэн дээр 10 хувь гэсэн харьцааг барьж экспортлохоор эхний байдлаар гэрээндээ тусгасан. Үнийн хувьд чанараасаа хамаарч өөр, өөр байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын тайлбараар бол Монголын талаас нүүрсний үнийг тодорхойлох боломжгүй.
Одоогийн төвшинд Хятадын таван боомтууд дээр зарагддаг нүүрсний үнэнд үндэслэж “Эрдэнэс Тавантолгой” компани урт хугацаатай байгуулсан гэрээнүүдийхээ нүүрсийг нийлүүлж буй. Ингэхдээ үнийн тохиргоог улирал тутамд хийдэг. Улирал тутамд үнийн тохиргоо хийж байгаагийн гол зорилго нь аль аль талын харилцан ашигтай байх зарчмыг хангах зорилготой.
Харин одоо ярилцаж байгаа хэлэлцээрийн хүрээнд гуравдагч улсын боомтын үнийг нүүрсний үнийн сагсанд оруулж тооцъё гэдэг санал тавьсан байдаг. Энэ жишгээр буюу өнгөрсөн хугацаанд баримталсан зохицуулалтаа нүүрсний үнэ дээр барихаар хоёр тал тохирчээ.
Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Онч хараа, Бор толгой гэсэн хоёр ордод Хятадын компани нүүрс олборлоно. Шинээр хоёр ам нээж, нүүрс олборлоно гэж ойлгож болно. Ингэхдээ олборлолтыг 2029 оноос эхлүүлэхгүй бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолтын хүчин чадал дээд цэгтээ тулсан гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн юм. Эдгээр ажлууд хийгдсэнээр нүүрсний экспортыг 160 сая тоннд хүргэх бололцоо бүрдэж байгаа аж. Иймээс ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар Хил холболтын төмөр замтай холбоотой гэрээг соёрхон баталсны дараа хоёр улсын компаниуд хооронд гэрээ байгуулагдсанаар асуудал цэгцрэх нь ээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ