УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэн. УИХ-ын гишүүдийн 78 нь тойргоос өрсөлдөж сонгогдсон бол 48 нь жагсаалтаар парламентын гишүүн болсон. ҮХНӨ хийхдээ улс төрийн намын дарга нар сонгодог парламентыг байгуулна гэж амлаж байсан ч солиотнуудын шоу болж хувирч байгааг тэдний харилцаа хандлагаас харагдаж байна. Ялангуяа жагсаалтад бичигдэж гишүүн болсон хүмүүсийн хувьд хатан суудалд заларсан мэт авирлаж байгааг харахад эмгэнэлтэй.
Жишээ нь, боловсролын салбарын төлөөлөл болж Ардчилсан намын жагсаалтаар Ц.Мөнхтуяа нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон юм. Тэрбээр 2018 оноос Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулсан нь УИХ-ын гишүүн болтол карьер ахих шат дамжлага нь болсон гэж хэлж болно. УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа багшаар ажиллаж байхдаа буюу 2022 онд “Багшийн хайр” ТББ-гаараа дамжуулж ээж нь нас барсан бүтэн өнчин дөрвөн хүүхдийг байртай болгох санаачлага эхлүүлж, олон нийтийн дэмжлэг авч байртай болгосон байна.
Энэхүү санаачилгаа сонгуулийн пиардаа ч хангалттай ашигласан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд олны хандиваар авсан байрны асуудал олны анхааралд өртөж, боловсролын салбарын төлөөлөл болсон гишүүний боловсролгүй үг, үйлдлийн талаар цахим орчимд шүүмжлэл өрнөөд буй. Тэрбээр, “Хүний хайр даахгүй. Хүний босгоод бүтээгээд өгсөн юман дээр олигтойхон амьдарч чадахгүй юмнуудтай би дахиж харьцахгүй. Олон мянган багш нарынхаа өмнөөс нүүрээ улалзуулж гуйгаад байртай болгоод өгсөн. Амьдарч чадахгүй бол хохь нь болохоос яахав дээ. Нас биед хүрсэн хүмүүс. Их дургүй хүргээд байвал тэр байрыг чинь олны нүдэн дээр аваад, хөөж гаргаад, нэг ядарсан ахмад багш оруулсан ч болж байна. Албагүй шүү дээ. Тэд байсан газар руугаа явна биз. Аягүй арчаагүй юм билээ шүү дээ. Хүний босгоод өгсөн юман дээр гоё амьдарч чадахгүй бол зайлсан нь дээр биз дээ. Би нэг ядарсан багшийг лайвдаад л оруулчихна. Уур хүргээд, олон юм донгодоод байвал. Алба ч байхгүй” гэж цахим сүлжээнд лайв хийх үеэрээ хэлсэн юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад боловсролын салбараар бамбай хийж хөл тавьсан гишүүний боловсролгүй үг үйлдэл болоод хандивын аянтай холбоотой асуудал удахгүй хууль шүүхийн байгууллагаар шалгагдах нь тодорхой болж байна. УИХ-ын чуулганы танхимд багш нарын цалинг нэм гэж хэдэнтээ дуугарснаас өөрөөр ард түмнийг төлөөлөх үүргээ хангалттай биелүүлээгүй гэж олон нийт түүнд бухимдаж байна.
Тэрбээр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны фэйсбүүк хуудаснаа "Багш ажилчдын төлөө гээд л зөндөө асуудал шийдүүлэх юм. Орж ирээд ганц лайк дарчихаж чадахгүй сууцгаах юм зарим нь. Хэдэн лайк болохыг харж сууя" гэж гомдоллож байсан ч удаатай. Баг нь өдрөөс өдөрт хууларан унаж байгаа багш Ц.Мөнхтуяа МАН-ын даргын нэр нөлөөгөөр жагсаалтын 16-нд бичигдсэн үү гэх асуулт улс төрийн хүрээнд өрнөж байна.
Тэгвэл Иргэний зориг ногоон намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа- Нара гишүүний хувийн харилцаатай холбоотой шүүмжлэл парламентын гишүүн болсноос нь хойш салсангүй. Гишүүн болсныхоо дараа хувцас зарж, лайв хийсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Тэрбээр иргэдийн шүүмжлэлийг эсрэг элдвийн хараал, зүхэл урсгаж байсан нь цахим орчинд бичигдэн үлджээ.
М.Нарантуяа гишүүн нь цахим хуудасны дор сэтгэгдэл бичсэн иргэдийг элдэвээр харааж, цөхсөн сэтгэдэл удаа дараа нь бичиж, ёс зүйгүй үйлдэл гаргасаар байгаа нь олны шүүмжлэл дагуулсаар байгаа юм. Энэ мэтчилэн удаа дараа УИХ-ын гишүүнээс гарч боломгүй ёс зүйгүй үг, үйлдэл гаргасаар байгаа гишүүдээ дэвшүүлсэн нам нь эгүүлэн тат. Хууль тогтоох төрийн дээд байгууллагын босго ёсзүйгүй гишүүдийн хөлд гишгэгдэх ёсгүй. Гудамжнаас тэд явсан ч гудамж тэднээс явсангүй.
3,607.57






















































Холбоотой мэдээ