УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Бямбын урилга” , УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “126 Parliament” нэртэй ярилцлагын нэвтрүүлэгтэй болжээ. 126 гишүүнээ нэг, нэгээр нь урьж, ярилцах бололтой юм. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын хөтөлсөн ярилцлагад УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хөтөлсөн ярилцлагад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар оролцов. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Gishune vlog" хөтөлдөг болов.
Ерөнхий сайд асан С.Баяр нэг хэсэг “Баяртай ярилцлага” контент хөтөлж олныг цэнхэр дэлгэцийн өмнө уясан. “Баяртай ярилцлага”-ын зочид нь ховор хүмүүс тул үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг байлаа. Түүн шиг л бултаар нь хуйлруулна гэж санасан бололтой юм.
Угтаа бол экс сайд С.Баяр тэтгэвэртээ сууж буй хүн, юугаа хийх нь тэр хүний асуудал. Харин УИХ-д сонгогдсон гишүүдийн хувьд үндсэн ажилдаа л анхаарах ёстой. УИХ-аар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдийг судалхад асар их цаг хугацаа шаардлагатай. Унтах нойроо ч хумсална гэсэн үг. Романаас ч том, хэдэн арван зузаан материал орж ирэхэд тэр бүгдтэй танилцаж, судалж, ус шүүсийг нь шахах ёстой. Дээр нь тойргийнхонтойгоо эргэх холбоотой ажиллах ёстой. Харамсалтай нь, дээрх гишүүдийн хувьд энэ ажлуудаа хойш тавиад байна уу, аль эсвэл туслах, зөвлөхүүддээ даатгадаг уу. Нэг л их зав зайтай улсууд ярилцлага хөтөлж суух юм. УИХ-ын гишүүн ярилцлага хөтлөхөөр түүнд нь мөн УИХ-ын гишүүн оролцохоор аминдаа “алаад байна” л гэж бодож байх шиг. Үгүй шүү дээ. Танхим дотроо ярилцсан зүйлээ биенээсээ асуугаад яриад суухаар үзэгчдэд итгэл үнэмшил төрүүлэхээсээ илүү тархи угаах гэж байна гэдэг ойлголт л төрүүлж буй.
Тийм ч учраас олон нийт үндсэн ажлаа хаячихаад ярилцлага хийгээд сууж байгаа гишүүдийг эгүүлэн татаж, ажил хийх хүнийг УИХ-д сонгоё гэх нь аргагүй юм.
Хийх юмаа олж ядаж байгаа гишүүдэд сануулахад, нэг бол УИХ-ын гишүүний ажлаа хий, эс бол бүрэн эрхээсээ түдгэлзэнэ үү дээ. УИХ гэдэг хийцгүйрсэн гишүүдийн цаг нөгцөөдөг газар биш шүү.
Сэтгүүлчийн ажил ч бас үндсэн ажлынхаа хажуугаар бусдад таалагдах гэж хийдэг ажил биш. Ярилцлага хийх бол тухайн хүнээ судална, асуултаа боловсруулна. Асуултаа боловсруулахын тулд бас л их зүйл уншина, судална. Үндсэндээ бол сэтгүүлчийн ажил цаг наргүй хийж, ард нь гардаг ажил юм.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Холбоотой мэдээ