Улс орны язгуур эрх ашгийг нэн тэргүүнд эрэмбэлж, Үндсэн хууль, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаална.
/АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс…/
Херо Баатар Баялгийн сангийн тухай хуулийг сурталчилан таниулах шинэ нэвтрүүлгээ удахгүй цацахаа зарлажээ. Нэвтрүүлгийн нэр нь “Чухал сэдэв”. Арван жилийн өмнө “Зуун чухал сэдэв” нэртэй байсан юм. Нэвтрүүлгийн зорилго хийгээд контентын агуулгын хувьд нэн ойлгомжтой, урьдын адил төрийн дайснуудыг “төрүүлнэ”. Найруулагч Б.Баатар өөрийн хөрөнгөөрөө жүжгээ тавина уу, контентоо хийнэ үү, түүний дур. Харин төсвийн мөнгөөр “төрийн дайсан” төрүүлэх нь нэг талаас улс төрийн пропаганда болж харагдана. Нөгөө талаас ашиг сонирхлын зөрчилд тооцогдоно.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар стратегийн оруудын үр ашгийг цөөхүүлээ биш олуулаа хүртэхээр болсон нь сайн хэрэг. Гэхдээ Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нэрээр бусдын хөрөнгө мөнгийг төр дээрэмдэж болохгүй.
У.Хүрэлсүх төрийн зохицуулалттай зах зээлийг мянга хүслээ ч Монгол Улс Үндсэн хуульт орон. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт Үндсэн хуульд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэж, хуримтлалаараа эрүүл мэнд, боловсрол, орон сууц болоод орон гэртээ зарцуулах боломжийг Үндсэн хуулийн хүрээнд бүрдүүлэх ёстой. Үүнд Ардчилсан нам хяналт тавих учиртай. “Улс орны язгуур эрх ашгийг нэн тэргүүнд эрэмбэлж, Үндсэн хууль, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаална” гэх амлалтаа биелүүлэх ёстой.
Атал Ардчилсан нам амлалтаа хэрэгжүүлэх нь битгий хэл Ардын намын өөдөөс муухай ч харж чадахааргүй болжээ.
Хамтарсан засагт орж байгаад хяналт дотроос нь тавина гэсэн нь хаана байна! Камерын өмнө, эсвэл компьютерийн араас цор, цор хийхээс өөрөөр Ардын намынхантай ана, мана үзчих гишүүн АН-ын бүлэгт алга. АН-ынхан ч угаасаа ах нар луугаа боргохоос Ардын намын өмнө гөлөг болдог нь гүтгэлэг биш юм.
Одоо бүр МАН-ын далласан газарт нь ил гарч, далайсан газарт нь далд ордог мануухай л болж хувирсан байна.
АН албан тушаалаар амаа үдүүлчихэж гэхнээ “Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар хяналтын тогтолцоо алдагдана. Тиймээс гүйцэтгэх засаглалд бид хяналт тавина” гэж сүржигнээд байсан “Үндэсний эвсэл” нь хүртэл үг ч дуугарахаа больсон байна. Үүнийг л сонгогдсон диктатур гэнэ.
Хамтарсан Засгийн газрын бодлого, шийдвэрийг шүүмжилсэн болгон өнөөдөр “хар жагсаалт”-ад бичигдэх болсон. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцрохыг шаардсан Эрх чөлөө эвсэл намын тэргүүн Б.Цацралыг ажлаас нь халах хүртэл дарамтад оруулна гэдэг Монголд авторитори дэглэм аль хэдийнэ тогтчихсон байна л гэсэн үг.
УИХ-ын гишүүн Б.Энхтүвшингийн эхнэрийг татварын дарамтад оруулах чинь дарангуйллын нэг үзэгдэл шүү дээ.
АН-ын гишүүн, хамтарсан засгийн Хууль зүйн сайд О.Алтангэрэл албан тушаал авахаасаа өмнө, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах нь дарангуйлал тогтох том дохио” гээд энд тэндхийн хэвлэлд яриа өгөөд явдаг байсан. Одоо О.Алтангэрэл авлигачдын өмчийг хураана, авна л гэх болжээ. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт ингэж эхлэж байсныг хуульч, өмгөөлөгч хүн мэдэхгүй байна гэж үгүй. Авлига гэх нэрээр өрсөлдөгч нараа хоморголон улс төрөөс зайлуулах арга тактик байдгийг улс орнуудын жишээн дээр зөндөө харсан, уншсан байлтай.
Авторитари дэглэмтэй улсад удирдагч нар нь элдвийн зохиомол гэмт бүлэглэлтэй тэмцэх нэрээр нийгэмд хаос үүсгээд, өөрөөс нь өөр үзэл бодолтой, өрсөлдөгч нараа хоморголон барьдаг, хорьдог, хилс хэргээр ялладаг. О.Алтангэрэлийн барьж гүйгээд байгаа хуулийн төсөл батлагдвал өөрийнх нь эсрэг үйлчилж мэднэ. Амьдрал шоглоомтой, түүх ч давтагддаг.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас тав нь парламентад суудалтай хэдий ч Хамтарсан засагт хяналт тавих намгүй болсон. Уг нь АН-ыг засгийн эрхийг ав, авч чадахгүй бол хүчтэй сөрөг хүчин бол гэж иргэд хүссэн. Саналаа өгсөн 1.4 сая хүний 420 мянга нь АН-ын “Бүтэн Монгол, сэрсэн Монгол, өмчтэй Монгол, бүтээлч Монгол, өрийн дарамтгүй Монгол, төрийн дарамтгүй Монгол, иргэндээ ээлтэй Монгол, шударга Монгол, дэлхийн Монгол”-д итгэсэн. Тэдний саналаар АН парламентад 42 суудалтай болсон. Авчиг ардчилал, хүний эрхийн талаар дуугарч байгаа нь Ардын намын гишүүд байна. АН харин амьд, үхсэн нь тодорхойгүй…
Муу амьд явахаар сайн үх гэдэг. МАН-ын мануухай болж явснаас АН улс төрөөс алга болох нь бараг зөвдөж мэдэхээр байна. Иймээс Ардчилсан намд зул өргөе!
3,607.57






















































Холбоотой мэдээ