Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас гаргасан шийдвэрийн дагуу ойрын үед Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хуучнаар “Өргөө” зочид буудлын 75 хувийг нийслэлийн өмчид шилжүүлж авах асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хэлцэл хийх болж байна.
Учир нь, өнгөрсөн Даваа гаригт хуралдсан НИТХ-ын хуралдаанаас дээрх даалгаврыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.
НИТХ-наас 2007 онд Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, “Дун өргөө” ХХК-ийг байгуулан, 75 хувийг нь “Хар дун” компани, 25 хувийг нийслэл эзэмших шийдвэр гаргажээ.
Гэвч энэ асуудал эцэстээ шүүхэд очсоноор 2012 онд НИТХ-наас гаргасан дээрх шийдвэрийг хууль бус гэж үзсэн байна. Улмаар 2018 онд НИТХ-наас “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг эзэмшиж буй “Хар дун” компаниас эзэмшил хувийг авах тогтоол баталсан ч хэрэгжилгүй өнөөдрийг хүргэжээ.
“Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг “Хар дун” компани эзэмшиж байгаа бөгөөд цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг асуудал сөхөгдөж байна.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Дун өргөө компанийн эзэн нь Н.Энхбаяр. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад нийслэлийн өмчийг өгөх ёстой. Монголын ард түмэн энэ гэр бүлд ямар өртэй юм бэ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс нийслэлийн өмчит компанийг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан эзэмшдэг явдлыг зогсоох ёстой.Наанаа бурхан шүтлэгтэй, цаанаа чөтгөр шиг явдалтай байж болохгүй” гэж шүүмжилсэн юм.
Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, НИТХ-наас ч тогтоол баталсан байхад хэрэгждэггүй дээрх шийдвэр хэзээ ажил хэрэг болох вэ гэдэг нь ойрын өдрүүдийн анхаарал татах бас нэгэн чухал сэдэв болох нь ээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ