niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 23:32 UTC Эх: https://news.mn/r/2779033/ fd291dc2e54006a6… ← niitlelch.mn руу буцах

"Төв цэнгэлдэхийн шинэ барилга дээвэр нь нээгдэж, хаагддаг болно"

Хуучирсан мэдээ: 2025.01.27-нд нийтлэгдсэн

"Төв цэнгэлдэхийн шинэ барилга дээвэр нь нээгдэж, хаагддаг болно"

"Төв цэнгэлдэхийн шинэ барилга дээвэр нь нээгдэж, хаагддаг болно"
Монгол Улсын Засгийн газрын /2025.01.22/ өдрийн хуралдаанаар нийслэл хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэлсэн. Эдгээр төслүүдийн ес нь түгжрэлийг бууруулах, зургаа нь агаарын бохирдлыг бууруулах, найм нь бусад арга хэмжээнийх байх юм. Товчхондоо, ирэх жилүүд Улаанбаатар хотод өрнүүн их ажил ундарсан, их бүтээн байгуулалтын үе байх болно гэдгийг албаныхан мэдээлсэн. Бусад гэж нэрлэгдээд буй найман мега төслийн нэгдүгээрт эрэмблэгдсэн шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төслийг онцолж байна.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДОТОР БОЛОН ГАДНА ЗАВСАР ХИЙСЭН

2024 онд Улаанбаатар хотын төвд байрлах төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өдрүүдийг угтсан завсар үйлчилгээний ажлууд өрнөсөн. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ил байрлах цахилгаан утаснуудыг янзалж, чөлөөлсөн бүх гадна талбайд ногоон байгууламж, зүлэг шинээр нэмж хийсэн юм. Түүнчлэн нийт 18 хаалган дээр 50 орчим камер шинээр байрлуулжээ. Үүнээс гадна зарлан мэдээлэх чанга яригч төхөөрөмж шинээр тавьсан. Гоёлын бус орчны 16 орчим цамхагт гэрэл тавьж, төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно 7000 м.кв бүхий байршлыг асфальтаар хучиж, зөвхөн тоглолттой өдрүүдэд зогсоол хэлбэрээр ашиглахаар тохижуулжээ.Хуучин төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд есөн жилийн турш ашиглагдаж ирсэн хиймэл зүлгийг сурын талбай дээр дэвсэж, төв цэнгэлдэх хүрээлэн дотроо шинээр олон улсын стандарт хангасан, ямар нэгэн цагаан зураасгүй хамгийн сайн гэх хиймэл зүлгийг шинээр дэвсэж, гүйлтийн замыг мөн шинэчлэн тавьжээ. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх хаалгыг шинэчилсэн байна. Өмнө нь хаана ямар хаалга байгаа эсэх нь ойлгомжгүй байсан бол одоо бүх хаалга нь хаягжуулалтын нэгдсэн системтэй болжээ. Иргэдийн хамгийн их шүүмжлэлтэй байдаг ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэхийн тулд энэ жил есөн ширхэг ариун цэврийн өрөөг шинээр ашиглалтад оруулсан юм байна.

Өмнө нь ашиглагдаж байсан дөрвөн ариун цэврийн өрөөтэй хамт нийт 13 орчим ариун цэврийн өрөөг баяр наадмыг угтан тохижуулжээ.

Эдгээр засвар, үйлчилгээний ажлуудаас хамгийн олзуурхууштай санагдсан нь үзэгчдийн суудал хооронд нэг метрийн урттай явган хүний 18 орчим марш шинээр хийхээр болсон байна. Өмнө нь сууж байгаа хүн яаралтай суудлаасаа өөр тийш явах үедээ олон хүний урдуур чихэлддэг байсан асуудал цэгцрэх боломж бий болжээ. Мөн олон жил болсон сурталчилгааны самбар, цахилгааны ил утас зэргийг буулгаж янзалсан аж.

Гэвч төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага болон нийслэлийн зүгээс дор хаяж, 30 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулах шаардлагатай гэж үзсэн юм.

"ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН НҮҮХ БОЛОМЖГҮЙ"

Төв цэнгэлдэх хүрээлэн ирэх хоёр жилийн хугацаанд 30 мянган хүний суудалтай, онгойдог дээвэр бүхий дөрвөн улирлын цэнгэлдэх хүрээлэн болох том амбицтай. Харин шинэ цэнгэлдэх хүрээлэнг хаана барьж байгуулах тал дээр санал зөрөлддөг. Энэ талаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Байршлын хувьд иргэд хотоос хол хүй долоон худаг ч юм уу янз бүрийн газар төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулах санал гаргадаг. Гэхдээ хамгийн зөв байршил бол одоо байгаа байршил мөн гэж бодож байна.

Дэлхийд маш олон цэнгэлдэх хүрээлэн хотын төвдөө байрладаг. Учир хамгийн том гэгдэх арга хэмжээнүүд энд зохион байгуулагддаг. Тэгэхээр иргэд заавал машинтайгаа хүрч ирэх биш 15-30 минут алхаад ирэх боломжтой байршил гэдэг ямар ч хүчин зүйлээр орлуулшгүй том давуу тал юм.

Иргэддээ хандаж хэлэхэд төв цэнгэлдэх хүрээлэн нүүхгүй, одоо байгаа суурин дээрээ шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ барина. Тэглээ гээд жил бүрийн баяр наадам болдгоороо болно. Гэхдээ ямар ч байсан хэн ч харсан үзэмжгүй, аюулгүй стандарт хангаагүй, бүх хэсэг нь ашиглагдах боломжгүй байж болохгүй учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаад засвар үйлчилгээнүүдийг хийсэн" гэх тайлбар өгч байв.

ШИНЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ УРЬДЧИЛСАН СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид /2024.06.13 /Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм.

“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ. Манай байгууллагын хувьд Монгол орны цаг уур, газар зүйн онцлогоороо адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцолсон. Түүнчлэн “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж.

Дашрамд дурдахад, дээрх мэргэжлийн хүмүүс төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх байршилтай танилцсаныхаа дараа "Энэ барилгад хэчнээн мөнгө зарцуулаад ч элс рүү ус асгаж байгаатай адил" хэмээн хэлсэн байдаг.

Одоогоор нийслэл хотод хэрэгжүүлэх 23 мега төслийн нэг болох шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн /ТЭЗҮ/ техник эдийн засгийн үндэслэл бэлтгэл шатанд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж