УИХ-ын намрын ээлжит чуулганыг өчигдөр хаасан ч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж мэдэх нь ээ.
Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжлүүлэх зорилт тавьсан. Эхэнд тавьсан гурван том төсөлтэй холбогдох хуулиудыг УИХ баталсан ч Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бас нэгэн төслийг парламент батлах шаардлагатай аж. Мөн цаг үеийн шаардлагаар хэлэлцэн батлах шаардлагатай төслүүд ч хүлээгдэж буй ажээ. Засгийн газрын зүгээс УИХ-ын даргад хандан энэ хүсэлтээ тавьсан.
Хуульд зааснаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх УИХ-ын даргад бий.
Монгол Улсын их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 15-нд нээнэ. Өөрөөр хэлбэл, энэ хүртэлх хугацаанд зарим ажил хүлээгдэж болзошгүй тул түүнээс урьтаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүсч байгаа аж.
Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламент намрын ээлжит чуулганы хугацаанд 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, УИХ-ын 57 тогтоол хэлэлцэн баталсан байдаг.
Ингэхдээ олон жил гацсан мега төслүүдийг хөдөлгөхөд шаардагдах хуулиудыг баталж өгснөөрөө онцлогтой.
Г.ХОРОЛ
3,607.57















































