NEWS агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг онцолж байна. Монгол Улсад газрын харилцаатай холбоотой маргаан, зөрчил цөөнгүй гардаг. Иргэд газар эзэмших хүсэлт гаргахад олон шат дамжлага дамжиж, шийдвэрээ хүлээхэд хэдэн сар зарцуулах тохиолдол бий. Харин орон нутагт газрын зориулалтыг өөрчлөх, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтын хүндрэл тулгарсаар байна. Түүнчлэн газрын мэдээлэл, хамгаалалтын бүсийн зураглал төрийн байгууллагуудын мэдээллийн санд зөрүүтэй байгаагаас газар давхардуулан олгох, улмаар маргаан үүсэх эрсдэл нэмэгдэж буй. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, газрын харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
ГАЗАР ОЛГОХ ШИЙДВЭР 36 ҮЕ ШАТ ДАМЖИЖ, 3-4 САР ЗАРЦУУЛЖ БАЙНА
Газрын тухай хуульд 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр газар олголтыг нэгдсэн бодлого, хяналтад оруулах зорилт тавьсан ч бодит байдал дээр шийдвэр гаргах ажиллагаа удааширч, шат дамжлага нэмэгдсэн гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.
Тухайлбал, иргэн газар эзэмших, ашиглах хүсэлт гаргаснаас эхлээд Засгийн газрын тогтоол гарч, тухайн шатны Засаг дарга эрх олгох шийдвэр гаргах хүртэл нийт есөн субъект оролцож, ойролцоогоор 36 үе шат дамждаг байна. Энэ үйл явцад 3-4 сарын хугацаа зарцуулж байгаа аж. Үүнээс гадна газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын ачаалал хоёр дахин нэмэгдэж, шийдвэр гаргах ажиллагаанд цаас, хэвлэх төхөөрөмжийн хор зэрэг үргүй зардал нэмэгдэж байгааг төсөлд дурджээ.
Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахим системээр хянаж, дүгнэлт гаргасны дараа тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолоор дахин баталгаажуулж байгаа нь илүү шат дамжлага үүсгэж байна гэж үзсэн байна. Иймд Засгийн газар улсын хэмжээнд хөдөө аж ахуй, хот суурин, зам, шугам сүлжээ, улсын тусгай хэрэгцээний газар зэрэг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах томоохон өөрчлөлтийг бодлогын түвшинд төлөвлөж, үүнд нийцүүлэн газар олгох асуудлыг орон нутаг бие даан шийдвэрлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, газар олголтын бүх асуудлыг төвөөс шийдвэрлэх бус, улсын хэмжээний бодлогын томоохон өөрчлөлтийг Засгийн газар хариуцаж, тухайн жилийн төлөвлөгөөнд нийцсэн газар олголтыг орон нутаг шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлэхээр зорьж байна.
ГАЗАР ЭЗЭМШИХ ХҮСЭЛТИЙГ ХЭН ТЭРГҮҮНД ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ВЭ?
Газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авч, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж, өмчилж байгаагүй иргэдийг хүсэлт гаргасан дарааллаар эрэмбэлэх зохицуулалт хэрэгжиж байгаа. Гэвч цахим хэрэглээнд суралцаагүй, интернэт ашиглах боломж хязгаарлагдмал, нэн түрүүнд газар эзэмших шаардлагатай иргэдийн хувьд энэ тогтолцоо хүндрэл үүсгэж байгааг хуулийн төсөл боловсруулагчид онцолжээ. Тухайлбал, нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэд, гамшиг, ослын улмаас орон гэргүй болсон өрх, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим дараалал хүлээх нь бодит хэрэгцээг нь харгалзсан зохицуулалт болж чадахгүй байна гэж үзсэн байна.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээллээр нийслэлээс хөдөө орон нутагт шилжин суурьшсан 16,820 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 107,904 иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай 1,250 иргэн, гамшиг, ослын улмаас орон гэрээ алдсан 186 өрх бүртгэгджээ.
Тиймээс хуулийн төсөлд дээрх зорилтот бүлгийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх хүсэлтийг цахим дараалал харгалзахгүй шийдвэрлэхээр тусгасан байна. Мөн тухайн аймаг, суманд харьяалалтай бөгөөд өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж, өмчилж байгаагүй иргэдийн хүсэлтийг нэн тэргүүнд шийдвэрлэх зохицуулалт оруулжээ. Энэ нь зөвхөн газар олголтын дарааллыг өөрчлөхөөс гадна орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих, нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах бодлоготой уялдаж буй юм.
ОРОН НУТАГТ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТАА ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ БҮРДЭХ ҮҮ?
Одоогийн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн байршил, хэмжээ, зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байдаг. Харин аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхэд газрын зориулалт өөрчлөх асуудлыг тодорхой тусгаагүй байна.
Үүнээс шалтгаалан орон нутагт газрын зориулалт өөрчлөх асуудал эрх зүйн тодорхой зохицуулалтгүй, нийслэл болон орон нутгийн иргэдэд хуулийн үйлчлэл ялгаатай байна гэж төсөл боловсруулагчид үзжээ.
Тухайлбал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын зориулалт, байршил, хэмжээг өөрчлөх шаардлага гарсан ч орон нутгийн иргэдэд үүнийг шийдвэрлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа аж.
Иймд аймаг, суманд газрын зориулалтыг газар зохион байгуулалт болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрчлөх эрх зүйн зохицуулалт бий болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Газрын тухай хуульд газрыг өргөдөл, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулахаар зохицуулсан байдаг.
Гэвч төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох боломжийг тодорхой хүрээнд хязгаарласнаар орон нутгийн онцлогт нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад хүндрэл учруулж байна гэж хуулийн төсөл боловсруулагчид тайлбарлажээ. Тухайлбал, 2024 онд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа тав хүртэлх га газар төсөл сонгон шалгаруулалтаар олгох эрх зүйн орчин бүрдүүлсэн. Үүний үр дүнд 2024, 2025 онд улсын хэмжээнд төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох ажиллагаа нэмэгджээ. Энэ хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 19, гадаад улс болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих 20, малчдын хоршооны мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 1,147 төсөл, хөтөлбөрт зориулан газар олгосон байна.
Нийт төсөл сонгон шалгаруулалтын дийлэнх буюу 90-97 хувийг малчдын хоршоонд олгосон газар эзэлж байгаа аж.
Харин эрчим хүчний станц, дэд бүтэц, үйлдвэрлэл технологийн парк, үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон байгууламж зэрэг бусад зориулалтаар газар олгох боломж харьцангуй бага байгааг төсөлд дурджээ. Иймээс улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах боломжийг өргөжүүлэхээр тусгасан байна. Мөн газрын зориулалтыг бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэл, орон нутгийн онцлогт нийцүүлэн тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох зохицуулалт оруулжээ. Энэ нь орон нутагт аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байна.
ГАЗРЫН МАРГААНЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭНЭ
Монгол Улсад газрын харилцаатай холбоотой зохицуулалт 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актаар хэрэгжиж байна. Газрын бүртгэл, газар зохион байгуулалт, газар ашиглалт, хамгаалалтын бүсийн мэдээллийг олон төрийн байгууллага тус тусдаа хариуцдаг нь мэдээллийн зөрүү, давхардал үүсгэж, иргэдэд хүндрэл учруулж байгааг хуулийн төсөлд онцолжээ.
Тухайлбал, ойн сан, усны сан бүхий газар, зам, шугам сүлжээ, тусгай хамгаалалттай газар нутаг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг газрын мэдээллийг өөр өөр байгууллага хариуцдаг. Харин эдгээр мэдээлэл Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүрэн бүртгэгдээгүй, эсвэл хоорондоо зөрүүтэй байгаагаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газар олгох үед давхцал, маргаан үүсэх нөхцөл бүрддэг байна.
Төсөлд дурдсанаар зарим сум, дүүрэг хамгаалалтын бүс, зурвас газрыг тогтоогоогүй, холбогдох байгууллагуудын гаргасан зураглал, дэглэм, горимын мэдээлэл нэгдсэн системд бүрэн ороогүй байна. Үүний улмаас усны сан, ойн сан бүхий газар зэрэг тусгай дэглэмтэй бүсэд газар давхардуулан олгох, хууль бус ашиглалт үүсэх эрсдэлтэй аж.
Иймд хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, хот суурин, зам, шугам сүлжээ, ойн сан, усны сан, тусгай хамгаалалттай газар болон газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орон зайн мэдээллийг холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн цахим системд тухай бүр бүртгүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдэж, газар ашиглалтад тавих хяналт сайжрах, давхардал, маргаан буурах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
ХУУЛИЙН ТӨСӨЛ ИРГЭДЭД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ?
Хуулийн төсөл батлагдвал газар олголтын шийдвэр гаргах шат дамжлага буурч, орон нутагт газрын асуудлыг бие даан шийдвэрлэх боломж нэмэгдэнэ. Мөн газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг илүү шуурхай шийдвэрлэх, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд газар эзэмших боломжийг нэмэгдүүлэхээр тооцжээ.
Түүнчлэн орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгоход газрын харилцааны зохицуулалт дэмжлэг болох боломжтой. Харин урт хугацаандаа газрын төлбөр болон газар дээр эрхэлж буй үйл ажиллагаанаас төвлөрөх татварын орлого нэмэгдэж, татварын бааз суурь тэлнэ гэж төсөл боловсруулагчид үзсэн байна.
Хуулийн төсөл хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөв болон иргэд, хуулийн этгээдээс нэмэлт зардал шаардагдахгүй гэж танилцуулгад дурджээ.
Төслийн хүрээнд санал асуулгын хуудас, амаар, бичгээр болон цахимаар нийт 14,642 хүнээс санал авсан бөгөөд хуулийн зүйл, заалт тус бүрээр тооцоход 94,060 санал ирсэн байна. Үүнээс 80,742 буюу 85.8 хувь нь дэмжсэн, 11,760 буюу 12.5 хувь нь дэмжээгүй, 1,558 буюу 1.7 хувь нь өөрчлөлт оруулах болон бусад асуудлаар санал ирүүлжээ.
Газрын харилцааны шинэчлэл нь зөвхөн газар олгох хугацааг богиносгох асуудал биш. Харин газрын нөөцийг хэрхэн төлөвлөх, хэнд ямар нөхцөлөөр эзэмшүүлэх, орон нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих, газрын эрхийн баталгааг яаж хангах вэ гэдэг өргөн хүрээний асуудал юм.
Тиймээс Газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн бодит үр дүн нь газар олголтын шат дамжлага цөөрөхөөс гадна иргэдийн хүсэлт ил тод, шуурхай шийдвэрлэгдэж, газрын харилцаанд шударга, тэгш боломж бий болж чадах эсэхээс хамаарна.
3,607.57






















































Холбоотой мэдээ