niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 00:30 UTC Эх: https://eguur.mn/704560/ 05a3ad0bc8f12ec4… ← niitlelch.mn руу буцах
УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Пүрэвдагвын боловсруулсан анхны төсөв | Нийслэл 2027 онд ₮4.89 их наядыг юунд зарцуулах вэ?

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.89 их наяд төгрөгийн зарлагатай, 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар өргөн барилаа. Зөрүүг 2026 оноос үлдэх мөнгөөр нөхнө. Энэ нь 2026 оны тавдугаар сард томилогдсон Б.Пүрэвдагвагийн боловсруулсан анхны жилийн төсөв юм.

Нийслэлийн өөрийн орлого 2.08 их наяд, дүүргүүдээс төвлөрүүлэх орлого 1.53 их наяд төгрөг байна. Хамгийн том эх үүсвэр болох аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 1.4 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Автомашины албан татварын орлого өмнөх оны 134.9 тэрбумаас 153.2 тэрбум төгрөг болж нэмэгдэнэ. Харин торгуулийн орлогыг 2026 онд 196.8 тэрбумаар төлөвлөж байсан бол ирэх онд 188 тэрбум гэж тооцжээ. Авто зам ашигласны төлбөрөөс 110 тэрбум, хүүгийн орлогоос 121.3 тэрбум төгрөг орно.

Өр, түлш, тээвэрт хэдийг зарцуулах вэ?

Нийслэл ирэх онд зээл, үнэт цаасны үндсэн төлбөр, хүүд 823.75 тэрбум төгрөг төлнө. Хагас коксон түлш худалдан авахад 400 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтэд 463.9 тэрбум төгрөг тусгажээ. Нийлүүлэн харвал эдгээр гурван зүйлд 1.69 их наяд төгрөг ногдож байна.

Өрийн төлбөрийн 467.94 тэрбум нь үндсэн төлбөр, 355.8 тэрбум нь бонд, дамжуулан зээлдүүлэх зээлийн хүү, валютын своп хэлцэл зэрэг зардал юм. Үүнтэй зэрэгцэн нийслэл ирэх онд 2.78 их наяд төгрөгийн үнэт цаас шинээр гаргахаар төлөвлөжээ. Үүний 65 орчим хувь буюу 1.81 их наяд төгрөгөөр өмнө гаргасан 500 сая ам.долларын гадаад бондыг дахин санхүүжүүлнэ.

Сангийн яамны өрийн удирдлагын 2026-2028 оны стратегид дурдсанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2024 онд 500 сая ам.долларын бондыг 7.75 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд гаргасан. Уг бонд 33 сарын хугацаатай. Тиймээс үндсэн төлбөрийг 2027 онд төлөх ёстой. Бондын мөнгийг Сэлбэ дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд зориулсан юм.

Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтэд 918.8 тэрбум төгрөг тусгасны

  • 795 тэрбумыг “Сэлбэ хорин минутын хот корпораци”,
  • 75 тэрбумыг “Тархмал эрчим хүч дэд бүтэц” компанид олгоно.

Сэлбэ төслийн хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулж байгаа юм.

Утаа, түгжрэлд хэдийг тусгав?

Агаарын бохирдлыг бууруулахад түлшний татаасыг оролцуулан нийт 476.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хагас коксон түлшний 400 тэрбум нь өмнөх оныхоос 89.6 тэрбумаар их. Үлдсэн 76.9 тэрбумаар түлш тээвэрлэх, хадгалах, борлуулалтын урамшуулал олгох, айл өрхийг хий, цахилгаан халаалтад шилжүүлэх ажлыг санхүүжүүлнэ. Ирэх халаалтын улиралд 7,800 өрхийг цахилгаан болон бусад цэвэр эх үүсвэрээр халаадаг болгохоор төлөвлөжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний 463.9 тэрбум төгрөгт автобусны орлого, зардлын зөрүү, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны нөхөн олговор, сургуулийн автобусны зардал багтана. Үүний 414.3 тэрбум нь машин цагийн зардлын зөрүүг нөхөх мөнгө. 2026 оны төсвийн төсөлд энэ зөрүүг нөхөхөд 332.2 тэрбум төгрөг тусгаж байв. Ирэх онд автобусны тоог 117-гоор нэмж 1,289 болгон, шинээр 15 суурьшлын бүсэд үйлчилгээ хүргэнэ. Нийтийн тээврийн хөрөнгө оруулалтад тусгасан 141.5 тэрбумаас 100 тэрбумыг Хан-Уул дүүрэгт баригдах 13.2 км их багтаамжийн тээврийн төсөлд зарцуулна.

Авто замд 352.8 тэрбум төгрөг төсөвлөснөөс 216.5 тэрбумаар зам, гүүр, уулзвар барьж шинэчилнэ. Гудамж, замын арчлалт, засварт 51.5 тэрбум, явган хүний болон дугуйн замд 20.3 тэрбум, гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэгээнд 13 тэрбум төгрөг ногдож байна. Нийтдээ 39.8 км зам шинээр барьж, 48.4 км замыг засварлана. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатын хэлснээр хотод шаардлагатай 140 км дугуйн замаас газар нь чөлөөлөгдсөн, зураг төсөв нь бэлэн 50 км-ийг эхэлж барина.

Сургууль, эмнэлэг, газар чөлөөлөлт

Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад 181.6 тэрбум төгрөг тусгажээ. Ирэх онд 12 сургууль ашиглалтад орж, 5,100 орчим хүүхэд суралцах боломжтой болно. Мөн 4,100 гаруй хүүхдийн суудалтай есөн сургуулийн барилгын ажил эхэлнэ. 1,800 хүүхэд хүлээн авах 11 цэцэрлэг ч төсөлд туссан байна. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад төсөвлөсөн 86 тэрбум төгрөгийн 41 тэрбумаар тоног төхөөрөмж авахаар төлөвлөсөн байна.

Газар чөлөөлөлт, гэр хорооллыг дахин төлөвлөхөд 200 тэрбум төгрөг зарцуулна. Үүний 100 тэрбумаар өмнө байгуулсан гэрээний үлдэгдлийг төлж, 100 тэрбумаар шинээр газар чөлөөлнө. Эрчим хүч, инженерийн дэд бүтцэд 171.4 тэрбум төгрөг төсөвлөснөөс 80 тэрбумыг Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын дулааны станц, цэвэрлэх байгууламжид зарцуулна. Энэ төслийн нийт өртөг 225.5 тэрбум төгрөг. Үүнээс гадна Туул-1 коллекторыг дуусгахад 19.1 тэрбум, Хүннү хотын цэвэрлэх байгууламжид 15 тэрбум төгрөг тусгажээ.

Орон тоо, цалин хэрхэх вэ?

Төсвийн төсөлд нийслэлийн нутгийн захиргааны орон тоог цөөлөхөөр тусгажээ. Энэ хүрээнд нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар бууруулахаар тооцож буй тухай дурдсан. Хотын дарга Б.Пүрэвдагва "Нийслэлийн өмчит байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах замаар цөөлнө. Хэмнэсэн мөнгөөр ажлын ачаалал өндөртэй албан хаагчдын цалинг нэмнэ" гэж мэдэгдсэн. Цалин, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 196.9 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 52.5 тэрбумаар их байгаа юм.

Урсгал зардал, хөрөнгө оруулалтад хэдийг тусгасан бэ?

Нийслэлийн төсвийн урсгал зардал 2.4 их наяд төгрөг. Хөрөнгө оруулалтын хувьд 292 төсөл, арга хэмжээнд 1.48 их наяд төгрөг зарцуулна. Эхэлсэн ажлыг дуусгах, бэлтгэл нь хангагдсан төслүүд, их багтаамжийн тээврийг нэн тэргүүнд санхүүжүүлэхээр тусгажээ. 2026 оны төсвийг /2025.12.05/-нд батлахдаа 265 төсөл, арга хэмжээнд 2 их наяд төгрөг тусгаж байсан. Харин зургадугаар сард тодотгохдоо зарим төслийн хөрөнгө оруулалтыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Нийслэлээс улсын төсөвт 420.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. 2026 онд энэ дүн 263.7 тэрбум байв. Алслагдсан гурван дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгт 40.6 тэрбум, Засаг даргын нөөц хөрөнгөд 40 тэрбум төгрөг тусгажээ. Нөөцийн махны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 30.5 тэрбум төгрөг зарцуулж, 13 мянга орчим тонн мах нөөцлөнө. НИТХ-ын даргын захиран зарцуулах 82.3 тэрбум төгрөгийн 68 тэрбумыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд, тухайлбал камер, мэдээллийн системд зарцуулна.

Иргэд ирэх оны төсөв дээр ямар санал өгөв?

Хотын захиргааны мэдээлснээр Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтын цахим санал асуулгад 174,876 иргэн оролцжээ. Тэдний 96,155 нь хот тохижилт, байгаль орчин, 46,094 нь хот байгуулалт, дэд бүтэц, 32,627 нь нийгмийн салбарын төсөлд санал өгсөн. Нийслэлийн харьяа 45 байгууллагын ирүүлсэн 661 саналаас хоёр шаттай эрэмбэлэлтээр 132 төсөл, арга хэмжээг сонгожээ. Б.Пүрэвдагвагийн хэлснээр төвийн зургаан дүүргийн 2,000 гаруй иргэнийг хамруулсан судалгаанд оролцогчдын 78 хувь нь авто замын түгжрэлийг хотын хамгийн тулгамдсан асуудал гэж нэрлэсэн байна.

Б.Пүрэвдагва төслөө өргөн барихдаа “Ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ” гэжээ. Төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлэхээр тусгасан. Хотын захиргааны мэдээллээр өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний 93 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж, ердөө 7 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл /2026.11.24/-нд төслийг хэлэлцээд, ээлжит бус XV хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Хуралдааны үеэр төлөөлөгч Г.Батзориг төсөвт байгууллагуудын шинэчлэлийг яаралтай хийхийг шаардаж, сургууль, цэцэрлэгийн хэрэгцээг хэрхэн тогтоосныг асуусан. Төлөөлөгч Д.Отгонсүрэн газар чөлөөлөлтийн мөнгийг хэрхэн хуваарилсныг, Ж.Энхжаргалан гүйцэтгэгч компанид тавих хяналтыг хэрхэн сайжруулахыг лавласан. Б.Мөнхбат чанаргүй ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар тооцсон гэжээ.

Төсвийн тухай хуулиар нийслэлийн төсвийг арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert