niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 00:34 UTC Эх: https://news.mn/r/2777704/ c8d98164ae6f0a65… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Багануурын 5000 тонн нүүрсийг Шинжаанд туршина

Хуучирсан мэдээ: 2025.01.21-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Багануурын 5000 тонн нүүрсийг Шинжаанд туршина

Сурвалжлага: Багануурын 5000 тонн нүүрсийг Шинжаанд туршина
Багануурын уурхайн 90 га газарт хагас коксжсон нүүрсний үйлдвэр барихаар төлөвлөжээ. Багануурын үйлдвэр технологийн паркыг шинээр байгуулахад нийтдээ 531 сая ам.доллар шаардлагатай бөгөөд тэр дунд хагас коксжсон нүүрсний үйлдвэрийг барихад урьдчилсан байдлаар 190 сая ам.доллар зарцуулна. Шинэ үйлдвэр жилдээ 97 сая ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөжээ.
Үйлдвэр барих ТЭЗҮ-г хийж байгааг албаныхан мэдээлсэн юм. Энэ үйлдвэр нь одоо иргэдийн хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний өртгийг 62 хувиар бууруулах гэнэ. Бүтээн байгуулалтыг 2025 оны дөрөвдүгээр улиралдаа багтаан эхлүүлж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа аж.
Тус үйлдвэр нь 850 мянган тонн хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2 сая тонн түүхий эд орох гэнэ.
5000 ТОНН НҮҮРСИЙГ ШИНЖААНЫ ҮЙЛДВЭРТ ТУРШИНА
Үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахаас гадна технологийн туршилт судалгаа хийлгэхээр ШУТИС, Шинжлэх ухааны академитай хамтран ажиллахаас гадна Хятадын Шинжлэх ухааны академийн Нүүрс химийн хүрээлэн рүү Багануурын нүүрсний дээжийг явуулжээ.
Шинжилгээний хариу цагаан сарын өмнө гарах бөгөөд 5000 тонн Багануурын уурхайн нүүрсийг Шинжааны үйлдвэрт бүрэн үйлдвэрлэлийн туршилт хийлгэхээр бэлтгэл ажлаа хийж байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Багануурын хүрэн нүүрсийг гүнзгий боловсруулах үйлдвэрийн нэг, хоёрдугаар шат ашиглалтад орсноор төвийн бүсийн ДНБ-д дөрвөн хувиар, улсын ДНБ-д 2.4 хувиар нөлөөлөл үзүүлэх гэнэ. Мөн шинээр 1950 ажлын байр бий болж, жилдээ 250 сая ам.долларын борлуулалт хийдэг томоохон хэмжээний стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр технологийн парк болж хөгжинө гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Хагас коксжсон нүүрсийг хэрэглэснээр одоогийн сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад Улаанбаатар хотын утаан дахь тоосонцорыг дөрөв дахин, хүхрийг гурав дахин, азотын давхар ислийг зургаа дахин бууруулна гэж дүгнэжээ. Энэ тооцоо судалгааг 2007 оноос хойш Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачид хийж эхэлсэн гэдгийг албаныхан хэлсэн юм.

Эдийн засгийн ач холбогдлын хувьд одоогийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өртгийг 60 хүртэл хувиар бууруулах төсөл гэнэ.

"УЛААНБААТАРЫН УТААГ 80 ХУВИАР БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА"

"Эрдэнэс үйлдвэр технологийн парк" компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр "Нийт зургаан үйлдвэр технологийн парк байгуулахаар дунд хугацааны төлөвлөгөөгөө гаргасан. Тэр дунд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Багануурын үйлдвэрлэл технологийн паркийг түшиглэж, Нүүрс химийн цогцолбор байгуулна. Хөх нүүрс буюу жигнэсэн нүүрс гэж нэрлэдэг. Хүрэн нүүрсийг 550-650 градусын темпаратурт халааж, жигнэх байдлаар дотор нь агуулагдаж буй хорт бодис, дэгдэмхий хийг ялгаж, цэвэр түлш үйлдвэрлэдэг технологи. Хөх нүүрсний үйлдвэр бол дунд хугацаандаа Улаанбаатарын утааг 80 хувиар бууруулахад хувь нэмрээ оруулна.

Цаашлаад хот бүрэн орон сууцжсаны дараа энэ нь түүхий эд болоод явна. Мөн энэ үйлдвэр хөх нүүрснээс гадна эрчим хүч үйлдвэрлэнэ.

Мөн нүүрсийг бүрэн хийжүүлэх чиглэлд үйлдвэрүүдийг төлөвлөж байгаа. Өмнө нь Дэлхийн банкны судалгаагаар Уул уурхай, хүн үйлдвэрийн яамнаас олон судалгааг хийж, ТЭЗҮ-г хийж байсан. Манай компаниас бас энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хийж, нүүрсийг хийжүүлэхэд хамгийн бодитой, оновчтой хувилбар нь аль вэ гэдгийг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа. Үндсэндээ Багануурын хүрэн нүүрсний үнэ цэнийг 6.8 дахин, тээврийг долоо дахин бууруулж, нэмүү өртөг тонн тутамд 78 ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой " гэв.

ҮЙЛДВЭРИЙГ ДАГААД 100 МВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ БАЙГУУЛНА

Шадар сайд С.Амарсайхан "Багануур дүүрэг цаашид бие даасан хот болон хөгжиж, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдэн, ажлын байраа бий болгоно. Үүний нэг томоохон төсөл бол хагас коксжих нүүрсний үйлдвэрийг барьж байгуулна. Бид өндөр илчлэгтэй, чанартай түлшийг гаргаж авна.

Энэ үйлдвэрийг дагаад 100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийг байгуулна.

Мөн экспортод гаргах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Энэ том бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна" гэдгийг яриандаа онцолсон юм.

Мөн энэ бүтээн байгуулалтын талаар "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлэхдээ "Сайжруулсан шахмал түүхий эдийн уурхайгаас ачих тээврийн өндөр зардал гаргадаг. Түлшээ үйлдвэрлэсний дараа шуудайлж, савалж, хот дотроо цэгүүдэд түгээнэ. Энэ бүх зардал нийлээд 540 мянган төгрөг болж байна.

Хэрэглэгчдэд бага үнээр зарж байгаа ч үлдэгдэл мөнгийг нь "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компаниас гаргаж байгаа.

Удаан хугацаанд ингэж зардлыг нь гаргах хүндрэлтэй. Хагас коксжсон түлш урьдчилсан байдлаар 190 мянган төгрөгийн зардал гарна. Татаасгүй үнээр цэвэр түлшээ энэ үнээ борлуулж, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа эерэг урсгал бий болно. Сайжруулсан шахмал түлшээс илүү илчлэгтэй, өндөр халалттай учраас үйлдвэр барих хугацаанд зуухны туршилтыг хийнэ" гэв.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж