УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.01.16/ Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэн томилох үеэр Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонорыг Шадар сайд Т.Доржхандтай хамаатан эсэх асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
СЗХ-нд зөвшөөрлийн наймаа их явдаг, авлигаар зөвшөөрөл өгдөг асуудал байдаг. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой.
Нэр дэвшигч Л.Сонороос тодруулж асуухад хэвлэлээр таныг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа банк бустай, хувьдаа даатгалын бизнестэй хүнтэй хамаатан гээд бичээд байна, үнэн үү.
Хэрэв үнэн бол банк бусын зөвшөөрөл өгөх хорооны шийдвэрт, даатгалын компанийн зөвшөөрөл олгох хорооны шийдвэрт та хуулиар орох эрхгүй болно гэдгээ мэдэж байгаа юу?
Нэр дэвшигч Л.Сонор:
-СЗХ-нд нийт 6 гишүүн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-оор зохицуулсан. Хорооны даргад УИХ-ын дарга, гишүүнд Эдийн засгийн байнгын хороо 2, Хууль зүйн байнгын хороо 2, Сангийн сайд нэг, Монголбанкны ерөнийлөгч нэг хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар сонсгол хийж томилох заалттай.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвших албан бичиг ирсэн. Миний эрхэлдэг ажил бол санхүүгийн бодлогын газрын дарга. Сангийн яаманд сүүлийн 10 жил ажиллаж байгаа. Гэрээт ажилтан, мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Санхүүгийн бодлогын газрын дарга болсон. Тухай бүр нь сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөл дээр шалгалт өгч, дэвшиж ажилласан. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамны зүгээс санхүүгийн салбарын асуудал нь Санхүүгийн бодлогын газрын харьяанд байдаг тул эрхлэх ажлынхаа чиг үүргийнхээ дагуу миний нэрийг дэвшүүлсэн.
Улс төрийн хамаарал бүхий хүнтэй ураг төрлийн холбоотой нь үнэн үү гэж асуулаа.
Миний хувьд Т.Доржханд сайдын аавын дүү, авга ах. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд хувь хүн, улс төрийн намын квот, аливаа бүлэглэл нөлөөлөөгүй гэдгийг хриуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.
СЗХ -ны хурлаар аливаа тусгай зөвшөөрөл өгөх асуудал ББСБ, даатгалын асуудал орж ирэхэд хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдье гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төр засагт олон жил ажиллаж байгаа туршлагатай залуусаа чиг үүргийнх нь дагуу салбар яамных нь бодлогоор томилгоонууд хийгдэж явдаг. Ийм залуусаа бохир улс төртэй хутгаж, явцуу улс төр хийх шаардлага байхгүй. Төрд итгэх ард түмний итгэл гэдэг зүйл ийм зүйлээс эхэлдэг. Тэгэхээр гишүүд маань наанатай цаанатай бодох ёстой.
Хамаарал бүхий этгээд гэдгийг хуулиараа эцэг, эх төрсөн ах дүү, хамтран амьдрагч, үр хүүхэд гэдэг агуулгаараа байдгийг гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх.
Шууд хамаарал бүхий этгээд юм уу, нэгдмэл сонирхолтой этгээд биш учраас Сангийн яамны квотонд нэр дэвшүүлж ирсэн байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн юм.
Улмаар санал хураахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Л.Сонорыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжээгүй юм.
Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежид бизнесийн удирдлагын бакалавр, 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар, 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан. 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Г.ХОРОЛ
3,607.57















































