Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогджээ.
Консулын төлөөлөгчийн газруудад Ерөнхий консул, консул, дэд консул болон атташе гэсэн албан тушаалууд байдаг. Консулыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилдог бол Элчин сайд нарыг УИХ-аар оруулж, зөвшилцдөг.
Энэ оны хувьд 20 гаруй Элчин сайд, мөн тооны консул нарыг шинээр томилох шаардлага үүсч буй. Учир нь 40 гаруй Элчин сайд, консулын бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй юм. Тэгвэл энэхүү сиймхийг ашиглан, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод дэд консулын ажил гүйцэтгэх болжээ.
Тэрбээр 2008 онд анх Баянгол дүүргээс УИХ-д сонгогдож байв. Түүнээс хойш дараалан хоёр удаа УИХ-д сонгогдсон. 2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрх барих үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараахан буюу 2017 оноос Ардчилсан намыг удирдсан. Энэ үед Ардчилсан нам хоёр хуваагдаж, талцахад тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгатай үзэлцэж, Оросын “гар хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө би энд зогсч байна. Би Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зогсч байна. Ардчилсан намыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байна” гэж мэдэгддэг байв.
Сүүлийн жилүүдэд Элчин сайд болон консулын томилгоо мэргэжлийн бус болж буй тухай санал шүүмжлэл хүчтэй өрнөх болсон. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар тодотгохдоо “Улс төрийн шийдвэрээр мэргэжлийн бус хүмүүсийг Элчин сайдаар томилдог. Нийт томилгооны 22 хувийг мэргэжлийн бус хүмүүс эзэлж байгаа. Гэхдээ тэд дадлага туршлагатай хүмүүс” гэж мэдэгдсэн. Мөн консул зэрэг томилгоонуудыг мэргэжлийн болгох шаардлага бий гэдэг асуудлыг хөндсөн ч улс төрийн шийдвэрээр энэ мэтчлэн томилгоонууд хүч түрэн орж ирсээр байгаа юм.
Г.ХОРОЛ
3,608.65






















































Холбоотой мэдээ