niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 02:31 UTC Эх: https://news.mn/r/2775411/ bcc9faa95f8f316b… ← niitlelch.mn руу буцах

Жолоочийн хариуцлагын даатгал 700 мянга болсон гэж бүү шуур!

Хуучирсан мэдээ: 2025.01.09-нд нийтлэгдсэн

Жолоочийн хариуцлагын даатгал 700 мянга болсон гэж бүү шуур!

Жолоочийн хариуцлагын даатгал 700 мянга болсон гэж бүү шуур!

Сошиалд жолоочийн хариуцлагын даатгал 700 мянган төгрөг болж нэмэгдсэн тухай шуурч байгаа ч мэргэжлийн байгууллагууд үгүйсгэлээ.

Тодруулбал, Жолоочийн хариуцлагын даатгалын суурь хураамж 33 мянган төгрөг хэвээрээ аж. Харин даатгуулагч таны эрсдлийг тооцдог 9 итгэлцүүрт өөрчлөлт оржээ. Ингэснээр осол гаргадаг хариуцлагагүй жолоочийн итгэлцүүр өсч, тэр хэрээр төлөх мөнгөн дүн өснө гэж ойлгож болох нь.

Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалын тайлбарласнаар бол нүүрс тээврийн ачааны том машин болон олон хүн тээвэрлэдэг зорчигч тээврийн автобусны жолооч осол гаргасан, дүрэм зөрчсөн, торгуулиа төлөөгүй, мөн жолоочийн нэр заахгүй хязгааргүй гэх хамгийн өндөр утга авсан тохиолдолд Жолоочийн даатгалын хураамжид төлөх мөнгөн дүн өсч, дээд тал нь 700 мянган төгрөгт хүрнэ.  Энэ бол С, Д ангиллын автомашин дээр авсан жишээ.

Та суудлын тэрэгтэй, өнгөрсөн жил осол гаргаагүй, татвар хураамжаа цаг тухайд нь төлсөн бол онцын өөрчлөлтгүй.

Жишээ татвал, даатгуулагч 34 настай, В ангилалтай, 5 жил жолоо барьсан, Prius-20 машин жолооддог бол жолоочийн даатгалын хураамж 39600 төгрөг л гарна.  Харин уг автомашиныг хоёр хүн ээлжилж жолоодохоор бүртгүүлсэн тохиолдолд жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 71783 төгрөг болох юм байна.

Хамгийн гол өөрчлөлт буюу итгэлцүүр нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйл нь осол гаргадаг, хариуцлагагүй жолооч нар дээр яригдах нь.

Тодруулбал, Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох, итгэлцүүр хэрэглэх журмыг ийн өөрчилжээ.

  • Даатгуулагч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан,
  • Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан,
  • Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг  тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан тохиолдолд даатгалын хураамжийг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцох ажээ.

Улсын хэмжээнд гарч буй осол аваарын 90 хувь нь нийслэлд бүртгэгдэж буй аж. Иймээс Улаанбаатар хотын жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг тооцох итгэлцүүрийг ийн өөрчилсөн байна.

Ингэхдээ жолооч бүрийн төлөх даатгалын мөнгөн дүн өнгөрсөн онд ямар түүх бүтээв гэдгээс хамаарна гэж ойлговол зохино.

Хэрвээ та муу түүхтэй бол даатгалын хураамжид төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ, сайн түүхтэй бол урамшуулал ч авах боломжтой болох нь ээ.

Муу түүхтэй хүмүүсийн төлөх мөнгөн дүн өсөхөөр байгаа нь осол аваарыг бууруулах зорилготой.

2024 оны хувьд өнгөрсөн арван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 21485 зам тээврийн осол бүртгэгдсэн байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртсэн хүний тоо 1445 байгаагийн 80 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн гэх статистик бий.

Мөн дүрэм зөрчдөг жолооч нараас болж түгжрэл ч үүсдэг. Түгжрэлийн 30 орчим хувь нь дүрмээрээ явдаггүй жолооч нараас болдог гэдэг асуудлыг албаныхан мэдэгдэж байв.

Түүнчлэн 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь мөн л Улаанбаатар хотод бүртгэлтэй бол торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарсан.

Иймээс дээрх зохицуулалт хариуцлагагүй жолооч нарын чих зөөлөрч, татвар торгуулиа цаг тухайд нь төлж, дүрмээрээ зорчдог болж хүмүүжихэд ч нэмэр болох талтай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж