niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 02:34 UTC Эх: https://news.mn/r/2775115/ 4ca5b10b2e0c8768… ← niitlelch.mn руу буцах

Шүүгчийн хараат бус байдалд заналхийлэхээ зогсооно уу!

Хуучирсан мэдээ: 2025.01.08-нд нийтлэгдсэн

Шүүгчийн хараат бус байдалд заналхийлэхээ зогсооно уу!

Шүүгчийн хараат бус байдалд заналхийлэхээ зогсооно уу!

Сайдын таалалд нийцэх шийдвэр гаргаагүй шүүгч Эрүүгийн хуулиар яллуулдаг дэглэм тогтох нь.

Учир юу вэ гэвэл “Ачит ихт” компанийг үүсгэн байгуулагч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг өмгөөлөгч нь прокурорт гаргасны дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх саналыг хэлэлцэж, хүлээж авахаар шийдвэрлэсэн нь Засгийн газрын тэргүүн болон Хууль зүй дотоод хэргийн сайд нарт таалагдсангүй.

Таалагдах шийдвэр гаргаагүй тул шүүх засаглал руугаа “дайрав”.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон түүний баг эзэн Ц.Элбэгдорждоо үйлчилж байгаа нь ойлгомжтой зүйл” гэж шүүхийн шийдвэрийг буруутгасан бол Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “…Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” гэж омогдов.

Үнэндээ бол Д.Ганзоригийг 2020 онд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон хүн нь Х.Баттулга. Төрийн тэргүүний алба хашиж байсан Х.Баттулга 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг хуйгаар нь чөлөөлсний дараа дээрх томилгоог хийсэн.

Зарчмаараа бол шүүхийн шийдвэр улстөрчдөд таалагдах албагүй, шударга ёсны талд л шийдвэр гарах ёстой. Өөрөөр хэлбэл, П.Цагааныг баривчлахаас аргагүй нотлох баримт гаргаж тавиагүй л бол шүүгч хуульд заасан зохицуулалтын дагуу шийдвэрээ гаргана. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйл:

1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана хэмээн заасан.

Харамсалтай нь, Монголын том албан тушаалтнуудад эцэг хуульд заасан заалтууд үйлчлэхээ байгаад удаж буй гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шүүх байгууллага руу хийж буй энэ удаагийн дайралт эхнийх биш бас эцсийнх ч биш болов уу. Тэрбээр хоёр жилийн өмнө “МҮОНРТ-ын “Онцлох зочин” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Шүүх байгууллагад нийт 500 шүүгч байна. Үүний тал нь Ц.Элбэгдоржийн томилгоо, тал нь Х.Баттулгын томилгоо юм. Би улс орны хөгжлийн бодлого тодорхойлох ёстой байтал авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод байна гэдэг нь шүүхийн байгууллага ажлаа хийгээгүй гэсэн үг” гэж шүүх засаглал руугаа ассан. Үүний дараагаас шүүх байгууллагад халаа сэлгээ ч эрчимтэй явж, Хэнтий, Сүхбаатар аймгийн угшилтай шүүгч нар шүүх байгууллагын хамгийн том албан тушаалд очсон.

УИХ-ч шүүх байгууллагыг хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд 2021 онд Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн баталж байв. Энэ хүрээнд Шүүгчийн тухай хуульд шүүгч хэн нэгний нөлөөнд автсан байх аваас албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүргийг Шүүхийн сахилгын хороо хэрэгжүүлэхээр зааж өгсөн.

Гэвч энэ бүхэн эрх мэдэлтнүүдэд хангалтгүй байгаа бололтой, шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина гэж Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн нь шүүх засаглалыг гүйцэтгэх засаглал өөрийн эрхшээлдээ байлгаж, өрсөлдөгч нараа намнах арга хэрэгсэл болгон хувиргахаар шийдэв үү гэдэг болгоомжлол руу ч хөтөлж байна.

Уг нь ардчилсан засаглалтай орны хувьд тэр тусмаа Ардчилсан намаас санал болгон сайд болсон Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн хувьд шүүх засаглал руугаа дайрах бус хараат бусаар ажиллахад нь дэмжлэг болох ёстой ч эсрэг үйлдэл үзүүлсэн нь энэ албандаа тэнцэх хүн мөн үү гэдэг эргэлзээнд ч оруулж буй.

УИХ-ын 2024 оны сонгуулийн гол бай болж, өрсөлдөгч намынх нь өгөөш болж ирсэн “Ачит ихт” компанийг үүсгэн байгуулагч П.Цагааны хувьд яг үнэндээ эрх мэдлээ зузаатгах гэсэн улстөрчдийн тоглоомын золиос л болж буй нь Эрүүгийн цагдаагийн албаныхны дэлгэсэн вайбер чат гэх гүтгэлгээс л тодорхой болсон. Гэвч хууль сахиулах үүрэгтэй байгууллага нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, бусдыг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн ч өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Энэ бол хамгийн ноцтой. Хууль сахиулах байгууллагад итгэх иргэдийн итгэлийг алдаад зогсохгүй, жирийн иргэн ч энэ мэтээр хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэгдэж болзошгүй болж буй.

Ийм байхад Хууль зүй дотоод хэргийн сайд нь тэр тоглолтод нь өөрөө татагдаад орчихсон шүүгч нар луу дайрна гэдэг яавч эрх зүйт нийгэмд байж боломгүй үйлдэл.

Засгийн газарт хамтарч байгаа нэрийн дор хууль бус үйлдэлтэй нь эвлэрч, гар хөл нь болж ажиллах хэрэггүй. Тэр тусмаа шүүх байгууллагыг улс төрийн утсан хүүхэлдэй болгон хувиргах тоглоомонд нь гол дүр болж тоглоно гэдэг бол ардчиллын тулгуур зарчмаас ухарч буй хэрэг шүү дээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд болчихоор бүх юмны дарга болдог юм биш. Халдаж болох халдаж болохгүй асуудал гэж бий. Иймээс шүүгчийн хараат бус байдалд заналхийлэхээ зогсооно уу!.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
37
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж