Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг Монгол тэмээний өдөр, зургаадугаар сарын 7-ны өдрийг Морин хуурын өдөр болгон тогтоож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн ангилалд хамааруулахаар тусгасан байна.
Энэхүү зохицуулалт нь хуулийн дагуу бүх нийтээр амрах өдөр биш бөгөөд үндэсний хэмжээнд нэгдсэн бодлогоор соёл урлаг, эрдэм шинжилгээ, өв соёлыг өвлүүлэн сурталчлах ажлыг зохион байгуулах эрх зүйн баталгааг бий болгох явдал юм.
Түүнчлэн уг зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон төрийн шинэ бүтэц, орон тоо бий болгох шаардлагагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.