“Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс үймдэг” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ёсоор үйл явдал өрнөх шинжтэй. Ураны төслийг эсэргүүцсэн хэсэг нөхөд өнөөдрөөс эх орончийн баг зүүн, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж эхлэв. Хэд хоногийн дараа бас л жагсаал болох сураг дуулдана.
Угаасаа ч Монголд хэрэгтэй төсөл хэрэгжих сургаар эх орончид төрж, эсэргүүцэл үзүүлэн, тэмцэл өрнүүлдэг болсоор 30-аад жил болж байна. Үр дүнд нь Монгол Улс өнөөдөр эрчим хүчээр хөршүүдээсээ хараат, утаа униар, түгжрэлдээ баригдсан, агаар, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөл хүн амын дунд нэмэгдсэн хүнд нөхцөлд буй. Энэ бүх асуудлыг цэгцэлье, хамтдаа зориглоод хөдөлье гээд зорилго тавиад ажил эхлүүлэх болоход эсэргүүцдэг, тэр л технологи хэрэгжээд эхлэв.
Янз нь жагсаж цуглаад ураны төслийг эсэргүүцээд эхлэхээр УИХ-ын гишүүд ч айж, хуулийг батлахгүй хулчийна гэж бодсон бололтой.
УИХ намрын чуулганаа завсарлуулахаас урьтаж Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахаар хэлэлцэж буй.
Хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт ирсэн бөгөөд энэ долоо хоногт багтаан эцэслэн батлах чигтэй байгаа. Дээрх төсөл батлагдсан нөхцөлд “Бадрах энержи” компани, Францын хөрөнгө оруулалттай “Орано майнинг” компанитай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад нэг шат ахина. Өөрөөр хэлбэл, энэ гэрээг байгуулахад шаардлагатай төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНӨТ-өөр орлуулах эсэх асуудал УИХ-аар тодорхой болох юм. Ингэснээр Зөөвч-Овоо төсөл хэрэгжихэд шаардлагатай хууль эрх зүйн орчин тээггүй болно гэсэн үг.
Харамсалтай нь, энэ шийдвэр төсөл гацаагчдад таалагдахгүй байна гэж хэлж болно.
Ер нь ч өнгөрсөн хугацаанд гацаж ирсэн томоохон мега төслүүдийн шалтгааныг судлаад үзэхээр олон улсын геополитикийн нөхцөл байдал болон тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл. Мөн төсөлд эдийн засгийн эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон хил дамнасан бүлэглэл, хувь улстөрчдийн тоглолтоос болж, төслүүд гацаж ирсэн байдаг.
Иймээс шинээр бүрдсэн УИХ асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, ураны төслийг хөдөлгөх шийдвэр гаргана гэдэгт олон нийт найдаж буй.
Энэ төсөл хөдлөх эсэхээс хамаарч Монголд хөрөнгө оруулагчид ирэх эсэх ч бас шийдэгдэнэ.
Хуучин ураны төслийг эсэргүүцэгчид “Ураны хайгуулаас болж хоёр, гурван толгойтой хонь хурга гарч байна” гэх зүйл ярьж олон нийтийг төөрөгдүүлж байв. Одоо иймэрхүү тархи угаалт явахгүй нь тодорхой болсон. Учир нь, Монгол Улсад одоогийн байдлаар 10.4 тонн шар нунтаг буюу байгалийн ураныг газрын гүнээс уусган баяжуулах аргаар олборлочихоод буй. Үнэхээр уран хайх явцад хоёр, гурван толгойтой хонь хурга төрж байсан бол олборлох явцад улам л нэмэгдэж, сүйд хийнэ биздээ. Тиймээс асуудалд шинжлэх ухаанчаар хандаж ашиглах цаг болсныг энэхүү Зөөвч-Овоо төсөл дээр хийсэн туршилт харуулж буй.
Иймээс жагсагчид хэний эрх ашгийг хамгаалж жагсаад эхлэв гэдгийг ч шалгах хэрэгтэй мэт.
Өмнөх Засгийн газрууд Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх болохоор л эх орончид төрж, газар нутгаа хамгаалах тухай асуудлыг босгож байв. Төслийг явуулахын тулд төрөөс маш олон тэрбум төгрөгийг зарцуулсан ч төсөл гацаагчдаас болж үргүй зардал болж хувирсан. Түүгээр зогсохгүй төслийг дэмжсэн бүхэн эх орноосоо урвагч, эсэргүүцсэн нь жинхэнэ эх орончид болж, тодорсон. Монголын төлөө явсан бүхэн нь буруутан болж, адлагддаг жишгээр төслийг удирдагч бүхэн нь урвагч болж л цоллуулсан. Уг нь энэ төсөл саад тотгортой туллаа гэхэд 20 жилийн өмнө хэрэгжсэн бол Монгол Улс хойд хөршөөсөө үнэтэй эрчим хүч аваад уяатай суухгүй л байсан. 40 жил гацсаны эцэст өмнөд хөршөөс хөрөнгө оруулалт аван хөдлөх болж буй. Гэвч хойд хөрш эсэргүүцсэн хэвээр л буй. Шинэ оны өмнөхөн Шадар сайд С.Амарсайхан ОХУ-д айлчлах үеэр энэ асуудал яригдсан. Хамгийн галтай сэдвийн нэг нь энэ байсан гэдэг.
Учир нь, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга А.А.Козлов “Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь Байгаль нуурын эко системд нөлөөлөх эрсдэлтэй” гэдгээ мэдэгдсэн байдаг.
Иймээс Монгол Улс хойд хөршөөс хамааралтай байгаа эрчим хүчний хамаарлаасаа салъя гэвэл Эгийн голын усан цахилгаан станцаа барьж, уран олборлох төслийг ч цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч буй.
Г.ХОРОЛ
3,608.65















































