niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 03:04 UTC Эх: https://news.mn/r/2774578/ c542b71aa5dccbe4… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Тэтгэвэр, тэтгэмж өсч, төрийн хэргийг кирил, монгол бичгээр хөтөлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2025.01.05-нд нийтлэгдсэн

Тойм: Тэтгэвэр, тэтгэмж өсч, төрийн хэргийг кирил, монгол бичгээр хөтөлж эхлэв

Тойм: Тэтгэвэр, тэтгэмж өсч, төрийн хэргийг кирил, монгол бичгээр хөтөлж эхлэв

2024-2025 онд шилжсэн өнгөрч буй долоо хоногт олон шийдвэр, шинээр хэрэгжиж эхлэх хуулиудтай холбоотой онцлох заалтууд бодит болж эхлээд байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой хугацаа нь дууссан автобуснуудыг акталж, зорчих үнийг нэмэх, хотын дугаар авахтой холбоотой заалт болон гэр хорооллын айл өрхүүдийн утааг бууруулахтай холбоотой хэд хэдэн шийдвэрүүд хэрэгжих тов тодорхой болоод буй. Тэгвэл өнгөрч байгаа долоо хоногийн онцлох зарим мэдээллийг тоймлож байна.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ НЭМЖ, 221 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХААР БОЛОВ

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны сүүлийн /2024.12.30/ ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343 мянга 289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38 мянга 871 хүүхэд амьдарч байгаа аж.

Боловсролын яамнаас Японы олон улсын байгууллага ЖАЙКА-тай хамтран хийсэн судалгаанаас хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, ясны нягт бага, Д амин дэмийн дутал 80 хувь гэсэн дүн гарсан нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг нэмэгдүүлж, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатайг харуулсан байна. Тиймээс энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлснээс гадна үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны улсын төсөвт тусгажээ. Ингэснээр хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, хоолны орц, найрлага сайжирч, олон нэр төрлийн хүнс хэрэглэх боломжтой болох юм.

НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭЖ, ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

 

Энэ долоо хоногоос буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа хэд хэдэн онцлох хуулийн заалтууд бий. Тухайлбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн. Тус шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.

Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж байгаа юм.

Мөн зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-25 хувь болгох журам өнгөрсөн Лхагва гаригаас хэрэгжиж эхлээд байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ. Уг журамд, зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоосон.

Үүнээс гадна ирэх дөрөвдүгээр  сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард  792 мянган төгрөг байх тогтоол гарчээ.

Мөн ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох шийдвэрүүд тус тус хэрэгжиж эхлээд байна.

БЕГ: ТӨРИЙН ХЭРГИЙГ  КИРИЛ, МОНГОЛ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ

Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна" гэж заасны дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөхөөр болсон.

Хуулийн хэрэгжилтийг хангахад боловсролын сургалтын байгууллагууд манлайлан ажиллана.

Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, хамгаалах, өвлүүлэх нь монголчуудын эрхэм үүрэг гэдгийг Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн.

ДЭЭД ЛИГ БОЛОН ЗҮҮН АЗИЙН СУПЕР ЛИГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-26 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах албан ёсны урилга ирснээр хоёр тал хамтран ажиллаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой тус лигийн Гүйцэтгэх захирал Henry Kerins, Үйл ажиллагааны менежер Steve Han болон Маркетингийн менежер Alex Oh нар хүрэлцэн ирж, энэ өдөр МСБХ-ны Үндэсний Дээд лиг зохион байгуулагчидтай албан ёсны анхны уулзалтыг хийлээ.

Уулзалтаар хоёр лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл  харилцан солилцлоо.

Үүний дараагаар UG Arena-гийн үйл ажиллагаа, Үндэсний Дээд лигийн зохион байгуулалттай үзэж танилцлаа. Лигийн тоглолтуудыг ФИБА стандартаар UG Arena-д зохион байгуулагддаг тул EASL зохион байгуулах стандарт хангагдсан байна гэж үзэн тэд сэтгэл хангалуун байлаа. East Asian Super League нь FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай аж. МСБХ-ы Үндэсний Дээд Лигийн багууд Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм. Тус лигт БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Филлиппиний лигийн аварга багууд өрсөлддөг.

EASL нь Дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг ба нэг тоглолтыг 8 сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм.

EASL-ийн удирдлагууд Монголын лигийн аварга баг тус лигт тоглох болж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТРОЛЛЕЙБУСНЫ НАСЖИЛТ ДУУСЧ, ЗОГСООЖЭЭ

Нийтийн тээвэрт нийт 23 троллейбус явдаг байсан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд сүүлийн удаа үйлчилгээнд явж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн зогсоожээ. Троллейбусны  насжилт нь дуусч,  2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн байна.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлсэн гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлж байв.

Жил бүр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн жилүүдийн тоон мэдээллээс харвал, 2022, 2023 оны эхний хагас жилийн байдлаар 224 автобус оруулж ирсэн байна. Харин 2023 оны сүүлийн хагас жил болон 2024 оны эхний хагас жилийн байдлаар 600 автобус оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, 2023-2024 онд их багтаажийн 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Монголд Улсад одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж