27/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО ны Хөх хотод албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун болон Хөх хотын дарга Фэн Юйжэньтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун хэлэхдээ “1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш 27 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлох хэрэгтэй.

Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот 2 удаа амжилттай зохион байгуулсан. Ирэх онд 3 дахь удаагийн экспо болно. Улаанбаатар хотын даргын энэ удаагийн айчлал нь манай хоёр хотын хувьд шинэ салбар, шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хөх хотын намын хорооны дарга таньтай анх удаа уулзалт хийж байна. Улаанбаатар хотын төлөөлөгчдийг хотдоо найрсаг хүлээн авсан та бүхэндээ талархлаа. Энэ удаагийн айлчлалаар хот тохижилт, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.

Ялангуяа ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулан Хөх хот нь ногоон байгууламжаа богино хугацаанд нэмэгдүүлсэн. Манай хоёр хот цаг агаарын хувьд ижил, тулгамдсан асуудлын тухайд ч агаарын бохирдлыг бууруулах байдаг. Тиймээс Хөх хотын ногоон байгууламжийн газартай хамтран Улаанбаатар хотын тохижилтыг хийж, Хөх хотын нэрэмжит гудамж байгуулах саналтай байна” гэж хэллээ.

Мөн аялал жуулчлалын салбар ч чухал байр суурь эзэлж байна. Агаар болон төмөр зам, авто замын тээврийн хэрэгсэл хөгжиж, дэд бүтэцтэй болсон хоёр хот энэ салбарт илүү үр дүнтэй ажиллах бололцоотой гэж үзэж байгаагаа онцоллоо. Уулзалт, хэлэлцээний дараа дээрх төслүүдийг хоёр хот хамтран хэрэгжүүлэх гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар гэрээн гарын үсэг зурлаа.

Хөх хот нь 3.1 сая хүн амтай. 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 274 тэрбум юаньд хүрсэн. Газар тариалан, мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар эдийн засагт нь голлох байр суурь эзэлдэг байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.