Тэрбээр их гүрнүүдийн анхаарлын төв цэг төдийгүй энэ цагийн ачааг жижигхэн нуруун дээрээ үүрч яваа эгэлгүй нэгэн. Есдүгээр богд жанч халахын өмнө шавь нартаа “Би Монголдоо төрнө. Буцаж ирэхдээ ганцаараа ирэхгүй” гэж ерөөл тавьснаар хойд дүр нь хоёулаа болж ирсэн гэх үлгэр домог мэт яриа сүсэглэх нэгэнд үнэн, сүжиггүй нэгэнд үгүйсгэлтэй санагдаж мэднэ. Гэвчиг ихэр заяанд төрсөн тэдний нэг нь ирээдүйд Монголын оюун санааны удирдагч болох их хувь тавилангийн эзэн болох нь үнэн бөлгөө.
“NEWS” агентлаг 2004 оноос эхлэн жил бүр “ОНЫ ХҮН”–ийг тодруулж ирсэн. Тухайн жил үг, үйлдэл, бодлого шийдвэр, үйл ажиллагаа, уран бүтээлээрээ олон нийтэд эерэг, сөргөөр нөлөөлсөн болон нийгмийн анхаарлын төвд байсан эрхмүүдийг энэхүү номинациараа онцолдог.
Цагийн хүрднээс улиран одож буй 2024 оны "ОНЫ ХҮН”-ээр Аравдугаар Богд Жавзундамбатанг тодруулж байна.
Халхын их хамба Чойжамц Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Аравдугаар Богд бол бурханы шашинд агуу үйл бүтээх гэгээнтэн” болохыг айлдсан байдаг.
Тэгвэл Төвөд судлаач Г.Ням-Очир “….Богд бол Чингис хааны хойт дүр юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хааныг хаан ширээнд суулгах ёслолын урд Монголын ард түмнээс "алтан навчит өргөмжлөл” буюу ”хааны үнэмлэх” өргөжээ. Тэр дотор ”Энэтхэгийн Ашок хаан буюу Буддын шашныг Грек Ром хүртэл тэлэн дэлгэрүүлсэн номт хаан болоод Төвдийг нэгтгэсэн Соронзонгомбо хаан, Богд Чингис хааны алтан урагт мэндэлсэн Түшээт хааны хөвгүүн Өндөр гэгээн түүний хувилгаан бидний хаан” хэмээн томьёолжээ. Соёмбо-төвд-монгол бичгээр бичсэн энэ чухал баримт бичиг одоо Монголын үндэсний номын сангийн үнэт ховор номын фондод хадгалагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хосгүй үнэт өвөөр бүртгэгджээ. Яг одоо номын санд очоод үзсэн ч бүх хүнд нээлттэй байгаа….” гэж нэгэн нийтлэлдээ онцолсон бий.
Өдгөө эх нутагтаа, буддын бусад шавь нарын адил сурч, хүмүүжиж яваа Х Богд бурхан шашны үйл хэрэгт өөрийн биеэр оролцох болсон билээ. Х Богд хэнийд төрсөн нь зуудугаар асуудал. Гагцхүү Монголдоо эргэн мэндэлсэн нь, их гүрнүүдийн хатуу, зөөлөн бодлогын хавчлага дор тунамал дүртэй Богдоо тодруулсан нь халхын заяа их болохыг харуулсан их үйл хэрэг юм.
Х Богд нь 2015 онд төрсөн, Төрийн соёрхолт математикч Ч.Алтаннарын ихэр хөвүүний нэг нь юм.
Ардчилал ялснаар монголчууд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй болсон билээ. Богд Жавзундамба хутагтын институцийг сэргээх бодлого 1990 оноос эхэлсэн байна. 1999 онд IX Богдыг Монголд анх залж иржээ. IX Богд тодорхой хугацаанд амьдарч байгаад улс төрийн нөхцөлөөс болж Монголоос явсан байдаг. Харин 2009 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдыг Монгол Улсдаа залж, 2010 онд Монгол Улсын иргэншил олгосон байна. Түүнийг 2011 онд Монгол бурхан шашны тэргүүнээр өргөмжилсөн байна. Тэрбээр 2012 онд нирваан дүрийг үзүүлжээ. Харин 2016 онд Дээрхийн гэгээн Далай лам Монголд зочлохдоо "Аравдугаар Богд Монголоос төрсөн" болохыг зарласан юм.
Богд гэдэг нь Будда гэсэн утга бүхий үг гэвэл Монголд Будда мэндэлсэн нь Монгол дэлхийн оюун санааны болон энх тайвны төв болох бошго ерөөл биелэлээ олж буйн илрэл. Эдийн засгийн агуулга, ач холбогдлын хувьд дэлхийн олон сая буддистуудын зорин ирэх аялал жуулчлалын брэнд бий болно.
Анхдугаар богд Өндөр гэгээн соён гэгээрүүлэгч, соёлын том зүтгэлтэн байсан бол монголчуудын хамгийн сайн мэдэх наймдугаар Богд Монголын тусгаар тогтнолд түүхэн үүрэг гүйцэтгэсэн улс төрийн том мяндагтан байлаа.
Тэгвэл Х Богд түүхэнд хэн болж үлдэхээ өөрөө шийднэ. Товчхондоо, тоглоомын Богд байх уу, эсвэл Монголын оюун санааны их удирдагч болох уу гэдгийг цаг хугацаа харуулах юм. Монголын Бурханы Шашны тэргүүн Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын өлмий бат оршиж, номын их үйлс нь дэлгэрэх болтугай.
NEWS агентлагийн “ОНЫ ХҮН”
- 2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ
- 2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
- 2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД
- 2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ
- 2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- 2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
- 2010 он: Сүхбаатарын БАТБОЛД
- 2011 он: Доржсүрэнгийн БОЛД
- 2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- 2013 он: Ринчиннямын АМАРЖАРГАЛ
- 2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ
- 2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД
- 2016 он: Доржсүрэнгийн СУМЪЯА
- 2017 он: Халтмаагийн БАТТУЛГА
- 2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
- 2019 он: Хөх Монголын ХҮННҮ РОК
- 2020 он: Covid-19
- 2021 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- 2022 он: Энхбатын АМАРТҮВШИН
- 2023: Дэмбэрэлийн ЧОЙЖАМЦ
"NEWS" агентлаг
3,608.65






















































Холбоотой мэдээ