УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2024.12.26/ Улаанбаатар хотын Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хойд хөрштэйгээ өгөө аваатай байх ёстой гэх зүйл яриад буруудав.
Энэ тухай тэрбээр “Шинэ жилээ том ресторанд тэмдэглээд явж байтал гэнэтхэн тог тасраад баахан лаа асаагаад ширээ болгон зохиолын дуу дуулаад шинэ жил манатай л болж байна.
Дулааны станцын ихэнхийг ЗХУ -ын үед байгуулсан. ЗХУ -ын үед Монгол, Оросын худалдаа дэндүү алдагдалтай байсан. 7 төгрөгийн үнэтэй алаг бөмбөгийг нэг хониор сольдог байсан. Хэдийгээр ийм алдагдалтай байсан ч эх оронд маань эрчим хүч хэрэгтэй байсан учраас манай ахмадууд гүрийж байгаад энэ хэдэн станцыг бариулсан.
Юм өгөө аваатай байдаг, ардчилал гарч ирээд ОХУ 11 тэрбумын их өрийг дарж өгсөн. ЗХУ -ын үед байгуулж байсан 2, 3, 4, Дорнод, Дархан, Эрдэнэт станц эрчим хүчний 80 хувийг үйлдвэрлэж байна.
Нүүрс шатаадаг эрчим хүчийг дэмждэг дэлхийн улс орнууд байхгүй болчихсон. Олдож байгаа нь л энэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бариад дөнгөж ажиллаж эхлэтэл эвдэрч байна. Нар, салхиар эрчим хүч үйлдвэрлэдэг ч тэрийг нь хэзээ ч авч хэрэглэдэггүй баруун, зүүн аймгийнхан эрчим хүчиндээ сар бүр 30 хувийн нэмэгдэл төлөөд байж байгаа. Эзэд нь харин Швейцарьт хэвтэж байна.
Үнэтэй байна гэж яриад байгаа. Чойжоо сайд аа, та нэг зүйлийг тодорхой хэл л дээ. 700 саяас 1.3 тэрбум хүртэлх еврогийн зээл. Гэтэл та зөвхөн 1.3 тэрбум еврогийн зээлийг нь яриад байна.Тэгэхээр хүмүүс дургүйццээд байгаа байхгүй юу. Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулах хороогоор ТЭЗҮ –г оруулахад эрэг шургаар нь бүгдийг гаргаад ирнэ ш дээ. Тэгэхээр таны хэлээд байгаа. 814 сая евро руу аваад ирэх байхгүй юу.
Жаахан үнэтэй нь үнэтэй байгаа. Би түрүүн хэлсэн, энэний хариуд хоёр хөршийнхөө харилцааг сайжруулж байж, буцаад өгөө аваатай байдаг. Буцаагаад Эгийн голоо авч, эрчим хүчний асуудлаа шийдмээр байна ш дээ.
Ойлголцоод явах нь гишүүдийн хувьд чухал байна. 20 сая ам.долларын зураг төслийг дэмжиж өгөөрэй гэж хүсч байна. Монгол, Оросын парламентын бүлгийн даргын хувиар хүсч байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бүрэн эрхт тусгаар тогтносон ардчилсан Монгол Улсын УИХ-ын гишүүд шиг байя. Наймдугаар сард орж ирэхэд гишүүд хэлж байсан. “Энэ гэрээ биш тулгалт байна” гэж… Сая Х.Тэмүүжин гишүүн хэллээ, худал хуурмаг айдас гэж.
Энэ Монгол Улсын Их хурал болохоос биш ДУМ -ын хурал биш. Орос, Монголын хамтарсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал биш. Энэ танхимаас гарч байгаа шийдвэр болгон монголчуудын эрх ашигт нийцэж байх ёстой.
Худал хуурмаг айдсаас шалтгаалаад өнөөдөр бид лааны гэрэлд шинэ жил тэмдэглэж байна гэж Х.Тэмүүжин гишүүн хэллээ, үнэн ш дээ. “Бид нарт оросууд л цахилгаан станц барьж өгсөн, өгөө аваатай байя” гэж Б.Пүрэвдорж гишүүн юугаа яриад байгаа юм.
Юу өгөх гээд байгаа юм, юу авчихсан юм.
Түүхий эдийн бааз орон чинь түүхий эдийг нь боловсруулаад ухаж гаргаж ирэх,улс руугаа зөөж явах, ингэхийн тулд хүмүүс ажил хийж, амьдрах байр хэрэгтэй. Тийм учраас цахилгаан станцтай болж байгаа. Монголчуудад хайртайдаа цахилгаан сатнц бариад өгчихсөн юм уу. Одоо ийм яриагаа болих хэрэгтэй.
Аюул болно оо л гээд байгаа, энэ асуудал унавал. Яг энийг батлахгүй бол яана гээд байгаа юм. бензингүй болгоно гээд байгаа юм уу, эрчим хүчийг чинь тасална гээд байгаа юм уу. 30 жил айж ирлээ ш дээ. Бид хэзээ ч жижигхэн хөрштэй байж үзээгүй. Тусгаар улс байх юм уу байхгүй юм уу, болох юм уу болохгүй юм уу. Ямар дарамт ирээд байдаг юм тодорхой яръя” гэсэн юм.
Г.ХОРОЛ
3,608.65















































