Дүүжин тээврийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Дүүжин тээврийн төсөл үргэлжилж байгаа. Энэ 2018 онд эхэлсэн төсөл. Энэ төслийн тоног төхөөрөмж нь Франц улсынх байх ёстой. Тоног төхөөрөмжүүд эхнээсээ Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа. Ирэх оны зургадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна. Энэ дүрмээрээ бол угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой. Бид энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Бас хажуугийн нэг объектыг буулгана. Бид өмчлөгч иргэдтэй тохиролцсон байгаа. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90-95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор энэ төслийг хийж байгаа. Би Тээвэр хөгжлийн төвийн мэргэжилтнүүдээс давж хариулт өгөх эрхгүй" гэв.
Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 онд нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг баталсан байдаг. Зээлийн хэлэлцээрт заасны дагуу 30 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл олгогдсон.
Нийт есөн жил гацаж, олон сайд, дарга нарын нүүр үзсэн дүүжин тээвэр өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.04/ албан ёсоор шав тавих ёслол нь болсон. Яармагаас Хархорин автобусны буудал хүртэлх хоёрдугаар шугамыг эхний ээлжинд нэвтрүүлэхийг албаныхан мэдээлсэн. Цаг тутамд 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урттай тросс тээврийн хэрэгслийг ирэх онд эхлүүлэх юм байна.
Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм.
“Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.
3,608.65






















































Холбоотой мэдээ