Бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг дуусгасан Ерөнхий сайд Монголд цөөхөн. П.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарын араас Л.Оюун-Эрдэнэ нэрлэгдэж байна. Тэрбээр нутгийн ахаасаа засгийн тамгыг өвлөж авсны гурав, УИХ-ын 2024 оны сонгуулиар намаа 62 суудалтай болгож, Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллахаар томилогдсоны нэг жилийнх нь ой ирэх нэгдүгээр сарын 27-нд тохионо. Нэмээд бодвол ямартай ч Л.Оюун-Эрдэнэ Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр дөрвөн жил ажиллаж байна.
УИХ-ын сонгуулийн дараа МАН 62 суудал авсан мөртлөө Засгийн газартаа Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг урьсан нь нэг талаас Засгийн газраа тогтвортой байлгах арга нь, нөгөө талаас олон жил гацсан том төслүүдээ хөдөлгөх Л.Оюун-Эрдэнийн амбиц байв. Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн жилээс эхлэн амбицалсан нэг сэдэв нь Үндэсний баялгийн сан. Үндэсний баялгийн сан байгуулснаар газрын хэвлийн доорх баялаг 30 гэр бүлийнх биш 3.5 сая хүнийх болох Үндсэн хуулийн заалт хэрэгжинэ гэж тооцсон, тайлбарласан.
Үнэндээ ч Улаанбаатар хотод улсын баячууд ба улны ядуус гэх хоёр өөр нийгэм бий болсон, Сүхбаатарын талбайгаас урагшаа болон хойшоогоо хүмүүсийн амьдрал тэнгэр газар шиг ялгаатай. Иймээс эрс тэс хоёр нийгмийг хооронд нь ойртуулахын тулд баялгийг хүртээмжтэй хүртээх ёстой гэдэгт Л.Оюун-Эрдэнийн засаг анхааралтай ажиллах ёстой юм.
Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд албан тушаал, эрх мэдэл, мэдээлэлд ойр явснаа ашиглан дабль авсан стратегийн орд газруудыг эзэмшигч нараас 34 хувийг нь буцааж авах яриа хэлэлцээ, наймаа тохироог Засгийн газрын түвшинд хийж байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зуун хоногийн гарын бэлэг нь Үндэсний баялгийн сангийн хуримтлуулал байлаа. Энэ тухайд Ерөнхий сайдын хэлсэн тайлбар нь гэвэл “Үндэсний баялгийн сангийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан. Уг хуулиа арванхоёрдугаар сарын 20-ны өдөр олон нийтэд тайлбарласан. Батлагдаад удаагүй ч тодорхой үр дүнгүүд гарсан байна. Монголчууд баялгаа ашиглаж чаддаг, хүртэж чаддаг, үүгээр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг байх эрх зүйн зарчмыг л Үндэсний баялгийн сан гээд байгаа юм. Үндэсний баялгийн санд өнөөдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байна. Үүнээс 495 тэрбум төгрөг нь иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн.
Баялгийн сан мөнгөжиж байгаа учраас олон улсад менежментийг нь гаргах байгууллагыг байгууллаа. Чингис панд нэршлээр олон улсад танигдана. Норвеги, Казахстан улсын Баялгийн сан яаж ажилладаг вэ, тэр жишгээр ажиллана. Хуримтлалын санг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нээгдэж байна. Иргэд хуримтлалын мөнгөө И Монголиагаар дамжуулан дансаа шалгаж үзнэ. Карт хэлбэрээр иргэд баталгаажуулж авч болно. Энэ мөнгийг бэлнээр зарцуулахгүй, хугацаатай хадгаламж. Бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хөтөлбөт зарцуулна” гэх үг. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаараа эмчид үзүүлэх үү, орон сууцанд орох уу гэдэг иргэдийн хүсэл сонирхлын асуудал. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнийн засгийн 100 хоногийн гол сюрпризүүдийн нэг болж чадсан уу чадсан, иргэд нэрийн дансандаа 135 мянган төгрөгтэй болсон уу, болсон. Цаашдаа стратегийн орд газруудынхаа тодорхой хувийг авснаар иргэдийн нэрийн дансан дахь мөнгөний тоо өснө. Мөн төсөв ашигтай ажиллах юм бол хуримтлалын мөнгө нэмэгдэнэ.
Үе, үеийн Ерөнхий сайд нарын хувьд улс орноо азийн бар ч юм уу, морь болгохыг хүсдэг. Амалсандаа, мөрөөдсөндөө хүрэхийг хүсдэг. Гэхдээ хоёр их гүрний дунд орших жийргэвч улсын хувьд Засгийн газрын төлөвлөгөө, төсөөллийг унагаах, гацаах хар хүчин ихтэй. Бээжингийн ч, Москвагийн төслүүд Монголд амжилттай хэрэгжихийн хэрээр Монголын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдийн дийлэнх нь хад мөргөж, хагарсан нь их. Харамсалтай нь, Монголынхоо эрх ашгийг эхэнд эрэмбэлсэн нь буруудаж, эцэст эрэмбэлсэн нь эх оронч болдог бодит жишээ бий.
Тэр тусмаа Монголын Ерөнхий сайдаар ажиллаж ирсэн хүн болгон тухайн цаг үедээ хамгийн муу хүн болж хувирдаг. “Хамгийн муу хүн”-ийг “хамгийн сайн хүн”-ээр сольчихвол Монгол Улс жинхэнээсээ Азийн бар болно гэсэн эндүүрдэг. Даанч ийм зүйл зөвхөн үлгэрт л гардаг байх.
Л.Оюун-Эрдэнийн рейтинг дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад уналттай, М.Энхболдыг зовлонг илүү ихээр мэдэрсэн ч байх.
Эцэст нь хэлэхэд Үндэсний баялгийн сан байгуулсан нь бодож байснаас богино хугацаанд үр дүнгээ өгч эхэллээ. Үүнийг дээгүүрээ хуваагаад, хулгайлаад идчихгүй бол 30-хан гэр бүл биш 3.5 саяулаа үр ашгийг нь хүртэх нь ээ.
Ж.ЭРХЭС
3,608.65






















































Холбоотой мэдээ