niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 04:36 UTC Эх: https://news.mn/r/2772637/ bd8215ff92d77148… ← niitlelch.mn руу буцах

Хуулийнхны дэмжлэгтэйгээр 760 тэрбумд хүрсэн авлагыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2024.12.25-нд нийтлэгдсэн

Хуулийнхны дэмжлэгтэйгээр 760 тэрбумд хүрсэн авлагыг бууруулна

Хуулийнхны дэмжлэгтэйгээр 760 тэрбумд хүрсэн авлагыг бууруулна

Засгийн газрын тусгай сан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ах, дүү, найз нөхөд, бизнес хамтрагчийнх нь саалийн үнээ болж хувирсныг өмнөх Засгийн газрын үед цэгцлэхээр ажил эхлүүлсэн ч буцаан төлөлт сайжраагүй л байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хур авлага одоогоор 760 тэрбум төгрөгт хүрчээ.

Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн авлага 228.9 тэрбум төгрөг бол Боловсролын зээлийн сангийн авлага 209 тэрбум, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр авлага 153 тэрбум, үлдсэн нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн авлага юм.

УИХ-аас Засгийн газарт дээрх сангуудын авлага болон зээлийг бууруулах даалгаврыг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэх чиглэл өгсөн. Иймээс салбар хариуцсан сайд нарын ажлын даалгаварт тусгай сангуудын авлагыг бууруулах  ажил багтаад байна гэж хэлж болно. Мөн УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын тусгай сангуудын санхүүжилтийг нэмэгдүүлдэг байсныг 2025 оны төсөв батлах үеэр хязгаарлаж, эх үүсвэрийг бууруулсан. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг 17.5 тэрбум төгрөгөөр бууруулсан бөгөөд эргэн төлөлтөө сайжруулж эх үүсвэрээ нэмэгдүүлэх даалгавар өгөгдсөн юм.

Иймээс хур авлага ихтэй Засгийн газрын тусгай санг хариуцаж буй сайд нарын ажлыг үнэлэх нэг хэмжүүр нь өр авлагыг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллахаас бас шалтгаалах болж буй.

Засгийн газар нь нийт 27 тусгай сантай. Үүнээс 13 нь өөрийн хуультай бол бусад 14 сан сайдын журам, тушаал, зөвлөлөөс гарсан шийдвэрийн хүрээнд захиран зарцуулалт нь зохицуулагдаж иржээ. Энэ нь сангийн хөрөнгийг зээл хүсэгчдэд үзэмжээр олгож ирсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Тиймдээ ч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож ирсэн зээл үйлдвэрлэгчдэд бус УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид очсон дуулиан дэгдэж,  олон нийтийн шахалт шаардлагаар зарим нэг нь буцаан төлөлт хийснээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа олж авч байв.

Боловсролын зээлийн сан ч ялгаагүй, эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүдийн үр хүүхэд, ах дүү нараа гадаадын их дээд сургуульд сургахад ашигладаг хэрэгсэл болж хувирсан нь одоо тус сангийн дарга хийж буй О.Сийлэгмаагийн “шүгэл үлээлт”-ээр ил болж, нийгмийг шуугиулсан.

Засгийн газрын тусгай сангууд эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст хамгийн ихээр ашиглагдсаныг мэдээлэл нь хаалттай байсан нь нөлөөлсөн гэж үздэг. Иймээс ч өмнөх Засгийн газрын үед бүх сангийн мэдээллийг нээлттэй болгох  ажлыг “Шилэн” ажиллагааны хүрээнд хийсэн.

Гэвч зээлд хамрагдаж, боломжийг ашигласан зээлдэгч нарын хувьд өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийхгүй гүрийж буй тул хууль хяналтын байгууллагад дуудагдах болж байна.

Энэ талаар  Боловсролын сайд П.Наранбаяр “2011 онд гаргасан хуулиас болоод эргэн төлөлтөд гацалт үүссэн тул Боловсролын зээлийн сангаас дэмжлэг авсан суралцагчдаас хэнийг чөлөөлөх вэ гэдэг дүрмийг ойлгомжтой болгоно. Хуулийн фирмүүдэд хандаж, зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг хуулийнх нь хэллэгээр ярина” гэж мэдэгдээд буй.

Харин Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн авлагыг бууруулахын тулд Улсын ерөнхий прокурорт хандаад байгаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Я.Эрдэнэсайхан эргэн төлөлтийг сайжруулж, санг хохиролгүй болгох зорилгоор хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаагаа мэдэгдсэн.  Тус сангийн хувьд 300 аж ахуй нэгжид холбогдох 100 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлүүлэхээр хуулийн байгууллагад хандсан байдаг.

Гэхдээ дээрх зээлээс 1.5 тэрбум нь найдваргүй зээлийн ангилалд багтаад буй. Зээлдэгч нь нас барсан, гадаад руу оргон зайлсан зэрэг асуудал бий.

Харин бусад зээлдэгч нарын тухайд барьцаа хөрөнгөөр нь зээлийн буцаан төлөлтийг хийлгэх зэрэг арга хэмжээ авах боломж байгааг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал мэдэгдэж байв.

Ямартай ч тус сан УИХ-ын гишүүдийн “цавчаа” болж хувирсан байсан нь өөрчлөгдсөн төдийгүй улсын төсвөөс хөрөнгө төсөвлөдөггүй болсон. Зээлийн эргэн төлөлтөөрөө санг санхүүжүүлдэг болжээ.

Тус санг 2009 онд байгуулж байсан бөгөөд энэ хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг 8928 төсөлд олгожээ. Үүнээс 7398 зээлдэгч зээлээ барагдуулсан дүн мэдээтэй байгаа бол 1530 зээлдэгчийн 228.9 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байгаа юм. Нийт зээлд гаргасан 1 их наяд 086 тэрбум төгрөгөөс муу зээлийн эзлэх хувь 12.7 хувь аж.

Зээлдэгч нарын хувьд зээлийн эргэн төлөлтдөө санаа тавьдаг болсон нь муу зээлдэгч нарын мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлдэг болсонтой холбоотой байдаг. Учир нь, санхүүгийн байгууллагаас зээл авах болоход муу зээлдэгч ангилалд багтаасан байдгаас дараагийн зээл авах боломж хязгаарлагддаг. Иймээс Засгийн газрын тусгай сангуудаас зээл авчихаад төлөхгүй байгаа зээлдэгч нарын мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх нь нэг талдаа авлагыг бууруулахад нэг ташуур болохыг ч сануулах нэгэн байна.

Засгийн газрын харьяанд өнөөдөр дараах тусгай сан ажиллаж байна.

  • Байгаль орчин, уур амьсгалын сан;
  • Боловсролын зээлийн сан;
  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
  • Засгийн газрын нөөц сан;
  • Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
  • Ирээдүйн өв сан;
  • Кино урлагийг дэмжих сан;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
  • Нийгмийн даатгалын сан;
  • Нийгмийн халамжийн сан;
  • Соёл, урлагийг дэмжих сан;
  • Спортыг дэмжих сан;
  • Төсвийн тогтворжуулалтын сан;
  • Улсын авто замын сан;
  • Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
  • Хөдөө аж ахуйг дэмжих сан;
  • Шинжлэх ухаан, технологийн сан;
  • Эрүүл мэндийг дэмжих сан;
  • Эрүүл мэндийн даатгалын сан;
  • Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан;
  • Хүүхдийн төлөө сан;
  • Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан зэрэг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж