Н.Номтойбаяр: Хянан шалгах түр хороог би удирдахгүй. Засгийн газрын гишүүн учраас
“Бодь”-ийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах бичигт 86 гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод өргөн барих гэж буй агуулгаар УИХ, ЗГ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ""Бодь"-ийн нууц гэрээний асуудал яригдаад олон жил болж байна. Хянан шалгах түр хороо 2023 онд байгуулагдсан ч хангалттай ажиллаагүй. ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр ч үүнийг ярьж, нотолдог. Жишээлбэл, хянан шалгах түр хорооны ажиллах хуулийн хугацааны дуусахын урьд шөнө санхүүгийн материалуудыг бүрдүүлж өгсөнөөр уг хороо хангалттай сайн мэдээлэл хийж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор хянан шалгах түр хороог дахин байгуулъя. Ингэхдээ "Тавантолгой- Гашуунсухайт"-ын төмөр зам буюу ҮАБЗ-өөр нууцалж гаргасан зөвлөмжийн дагуу холбогдох Засгийн газрын болон бусад байгууллагуудын гаргасан шийдвэрүүд оновчтой байсан эсэхийг цогцоор нь шалгая.
Хоёрт. Өмнө нь Б.Энхбаярын ахалсан хянан шалгах түр хороо хэрхэн ажилласан юм бэ гэдгийг дахин хянан шалгах санаачилгыг |2026.03.20|-нд гаргасан. УИХ-ын гишүүдээс гарын үсэг зурж эхэлсэн ч 27 гарын үсэг дээр гацсан. Хуулиараа 32 гишүүн зурж байж эрх зүй нь үүсэх байв. Өнгөрсөн өдрүүдэд гишүүд дахин зурж, эрчимжиснээр 86 гишүүн гарын үсэг зураад байна. Ганц нэг гишүүд өвчтэй, гадаад томилолттой яваа. Очоод зурна гэх байр суурь илэрхийлж байна. Нийт 90 гишүүн зурах тооцоо байна. Өөрөөр хэлбэл нам харгалзахгүйгээр ил тод, нээлттэй болох, яригдаад байгаа нь үнэн бол хуулийн хариуцлага хүлээлгэе гэж гишүүд нэгдэж байна.
2019 оны Н-0505 дугаартай ҮАБЗ-ийн зөвлөмж гарах үед Х.Баттулга даргаар нь ажиллаж байсан. Бүрэлдэхүүнд нь Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар байсан. Зөвлөмж нь нууц. Төмөр замтай холбоотой асуудал болон Нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой агуулгыг нууцалсан байдаг. Нууцлах шаардлага байсан уу үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Зарим нүүрсний гэрээнүүд ил тод явдаг. Ямар нь нууцлалтай, ямар нь нууцлалгүй байдаг вэ гэдэг хардлага үүсэж байгаа юм.
"Эрдэнэс таван толгой", "Таван толгой төмөр зам", "Бодь интернэйшнел" гэх гурван ААН-ийн дунд төмөр замыг барих, санхүүжилтийг шийдвэрлэх гэрээ байгуулагдсан. Гэтэл "Эрдэнэс таван толгой"-н захирал байсан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэргээр ял авсан. "Таван толгой төмөр зам"-ын захирал Н.Удаанжаргал шувуу болоод нисчихсэн. "Бодь интернэйшнел"-ийн захирал А.Амундра мөн шувуу болоод нисчихсэн. Үүнийхээ дараа гэрчийн хамгаалалтад аваач ээ, би мэдээлэл өгье гэж хувийн хаягаараа мэдээлсэн. Мөн удаа дараалан үүний цаана маш их авлигын хэрэг үйлдэгдсэнийг хэлсээр ирсэн. Хамгийн чухал санхүүгийн материал хянан шалгах түр хорооны ажилах хуулийн хугацаанд тулгаж гаргаж өгсөн нь хангалтгүй ажиллахад хүргэсэн байдаг.
Энэ гэрээ байгуулагдаж байхад тухайн үеийн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ 5-6 сарын өмнө АТГ-т холбогдох материалуудыг аваачиж өгсөн. ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар ч мөн холбогдох баримтуудыг дурдаж, мэдээлэл өгөөд байгаа. Холбогдох албан тушаалтнуудын үйлдэл яригдсан ч хөрөнгөө нотолж чадахгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах ажил хийвэл ямар нэгэн байдлаар хохирол амссаар ирсэн. Хамгийн их хохирол амссан нь Н.Өнөрцэцэг. Холбоотой материалыг ил болгосон гэж ял авсан. Мөн олон хэвлэл ямар нэгэн байдлаар хохирол амссан. Энэ гэрээг ярихаас, бичиж нийтлэхээс хэвлэлүүд айдаг болсон.
"Бодь"-ийн гэрээг ил болгоё гэсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаасаа огцорсон. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа "Бодь"-той холбоотой асуудлыг "Бор тээг" болгож намайг гүтгэж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ хэмээсэн. Үр дүнд нь мөн л ажлаа өгсөн. Г.Занданшатарын Засгийн газрын үед энэ талаар ярья гэж, би мэдээлэл өгч байлаа. Үүний дараа Г.Занданшатар огцорсон. Сая ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар "Бодь"-иос авлига авсан агуулгад У.Хүрэлсүхийг холбож байр сууриа илэрхийлсэн. Удалгүй Монгол Улсын Төрийн тэргүүн шалгуулъя гээд буучихлаа. Энэ хугацаанд улс төрд өрнөсөн үйл явцыг та бүхэн дүгнээд үзээрэй. Заавал шалгаж, үнэн мөнийг эцэслэх цаг болсон гэдгийг харуулж байна. Энэ гэрээг ярихаар л хүмүүс ял завшиж, хэлмэгддэг вэ.
110 сая доллараар яригддаг маш том мөнгөний хэрэг. Тооцоонууд нийлдэггүй, ард нь маш их авлигын хэрэг, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй. Хуулийн дагуу түр хороог байгуулж, асуудлаа ярьсан нь зөв.
Үүн дээр Н.Учралын Засгийн газар маш том шийдвэр гаргалаа. Н-0505 дугаартай, 2019 оны ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжийг ил болгох тогтоол шийдвэрийг |2026.11.25| гаргасан. Одоо хууль хүчний байгууллага, АТГ ажлаа хийх боломж бүрдлээ. Одоо ажлаа хий. Түр хороо дээр АТГ-аас мэдүүлэг, тайлбар авах ажлууд хийгдэнэ.
Түр хороо байгуулахыг санаачлагч гишүүн даргална гэх хуулийн зохицуулалт бий. Хэрэв санаачилагч гишүүн Засгийн газрын гишүүн бол түр хороог даргалж болдоггүй. Түр хорооны гишүүн ч байж болдоггүй хууль мөн бий.
Үүнд гаргалгаа бий. Санаачилагч гишүүн өөрөө зөвшөөрвөл хянан шалгах түр хороог хэнээр ахлуулахаа дотроосоо шийддэг зохицуулалт бий. Ямар ч тохиолдол хянан шалгана. Одоо С.Бямбацогт даргад өргөн барихаар бэлэн боллоо" гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.