УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах ажлын хэсгийн гишүүн Б.Уянга нийслэлийн 32 мянган өрхөд зуух тараах нь үр дүнтэй арга гэж үзэж буйгаа мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр “Хувь хүний хувьд зуух тараах нь үр дүнтэй гэж харж байгаа. Угаарын хий ямар үед үүсдэг вэ гэвэл шахмал түлш дутуу шатдаг байх үед үүсдэг. Түлшийг сайн шатаадаг зуух байх хэрэгтэй. Манай айл өрхүүд мөнгө гаргаад зуухаа шууд солих боломжгүй байгаа тохиолдолд зуух олгох нь даруй авах арга хэмжээнүүдийн нэг байх магадлалтай.
Өмнөх Байнгын хорооны хуралдааны үеэр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Баянгол дүүргийн нэг хороонд шинэ зуух тавьж байгаад туршилт хийж үзсэн. Шинэ зуух үр нөлөөтэй байсан” гэж ярьсан. Тэгэхээр өмнө тараагдсан зуухын хугацаа нь дууссан байх магадлалтай. Сонсголоор сонсоод үзье” гэсэн юм.
Нийслэлээс 2025 онд 32 мянган өрхөд зуух тараахад зориулж 28.3 тэрбум төгрөг суулгаад буй.
Нэг зуухны үнэ 875 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ийм үнээр амьдралын боломж тааруу иргэд худалдан авах боломжгүй тул зээлээр өгнө гэдгээ нийслэлээс мэдэгдсэн.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011-2014 оны хооронд зуух тараасан түүх бий. “Өлзий”, “Хас” зуухуудыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байсны зэрэгцээ Турк зуух ч нийлүүлсэн. Эдгээр зуухыг утаа гаргадаггүй зуух гэж рекламдаж үндсэн үнээс нь 90 хувь хямдруулж өгч байв. Гэвч утаа буураагүй.
Харин энэ удаад нийслэлээс зуух тараах болсноо “иргэд түлшиндээ угаартаж, амь насаа алдахаас сэргийлж, богино хугацаанд яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний нэг үүнээс өөр байхгүй” гэж мэдэгдээд буй юм.
Сануулахад, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Агаарын бохирдлын талаар сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болж шийдвэрлэсэн.
Г.ХОРОЛ
3,608.65















































