Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын 200 мянга гаруй яндангаас ялгарах утаа 55.6 хувийн нөлөө үзүүлж буй бол автомашинаас ялгарах утаа 28.9 хувь, бусад хүчин зүйлс 15.5 хувийг эзэлж байгааг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдэгдлээ.
Тодруулбал, хүхэрлэг хий болон нүүрстөрөгчийн дутуу исэл нь гэр хорооллоос, РМ 2.5, РМ 10 тоосонцор болон азотын давхар исэл нь автомашинаас ялгарч, агаарын бохирдолд их хэмжээний нөлөө үзүүлэх болжээ.
Нийслэлийн хэмжээнд 712,992 автомашин /2022 он/ бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Иймд автомашинаас ялгарч буй хорт бодисын хэмжээ өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.
Засгийн газраас агаарын бохирдуулж буй хоёр том эх үүсвэрийг бууруулах зорилгоор нэгд нь, 202,626 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41,584, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууц барих зорилт тавьсан. "Сэлбэ", "Баянхошуу" дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг бүрэн дуусгаж, "20 минутын хот" концепцийг бүрэн хэрэгжүүлэх 20,000 айлын /Сэлбэ дэд төв 12000, Баянхошуу дэд төв 8000 айл/ жишиг орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн.
"Сэлбэ" дэд төвийн төслийн газарт өртсөн 2206 нэгж талбарын 1502 нэгж талбарыг чөлөөлж, төслийн эхний ээлжийн барилга, угсралтын ажлын тендерийг зарлажээ.
"Баянхошуу" дэд төвд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхний ээлжийн 3000 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлсэн. Дэд төвүүдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 22 хувиар, автозамын түгжрэлийг 36.3 хувиар бууруулахаар тооцжээ.
Дэд төвүүдийг түшиглэн баригдах орон сууц нь “20 минутын хот” концепцид заасан төлөвлөлттэй байх тул өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн бүхий л үйлчилгээг богино хугацаанд авахаараа давуу талтай. Нийт талбайн 70 хувь барилгажилт байх бол 30 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд хот багуулалт дээр гарсан хамгийн том алдаа нь зөвхөн орон сууцуудыг барьснаар нийгмийн бусад үйлчилгээ орхигдсоны зэрэгцээ ногоон байгууламж хаягдсан. Эл алдаануудыг давтахгүй байх зорилго дор “20 минутын хот” “Сэлбэ”, “Баянхошуу”, “Шар хад” төвүүдийг түшиглэн босно. Эдгээр орон сууцууд баригдсанаар үнэ ханш тогтворжих бодлого ч давхар хэрэгжих нь.
Учир нь, өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 шахам хувь нь хоёр, гурав дахь байраа ипотекийн зээлд хамруулан авсан нь бага орлоготой иргэдийн хувьд байр мөрөөдөл болж орхигдсон.
Харин Засгийн газар эл алдааг засах зорилгоор 2025 оноос анх удаа байр хүсэж буй иргэдийг ипотекийн зээлд тэргүүн ээлжинд хамруулах бодлого барина. Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд 80 м2 хүртэл талбайтай байранд олгож байсан бол 2025 оноос 50 м2 хүртэлх байранд олгохоор төлөвлөжээ. Тэргүүн ээлжинд байргүй иргэдийг ипотект хамруулснаар сар, сараар өсч буй орон сууцны үнэ тогтворжих боломж бүрдэнэ гэж харж байна.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг ирэх онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд 500 тэрбум нь Хуримтлалын сангаас, 500 тэрбум нь өнгөрсөн хугацаанд олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс, үлдсэн 200 тэрбум нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр байх нь. Үүний 50 хувь буюу 600 тэрбум нь нийслэлийн иргэдийг орон сууцжуулахад зориулж олгогдоно.
Гэр хорооллын 15000 өрхийг хийн түлшинд шилжүүлнэ
Нийслэлийн гэр хороололд хэрэглэж байгаа “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш чанар стандартад нийцэж буй гэх лабораторийн дүгнэлт гардаг ч хүн амын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхүйц бодисуудын ялгарал хэмжилтээр нэмэгдэх болсон тул богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ болгож, нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ.
Тодруулбал, 2025 онд 15000, 2026 онд 40000, 2027-2028 онд 45000 өрхийг, нийт 100, 000 өрхийг хийд шилжүүлснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 27.8 хувиар бууруулахаар тооцжээ.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 45 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт холбон бүрэн дулаалга хийж, цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Төслийн үр дүнд өрх бүр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жил тутам 10-20 тонноор бууруулж, эрчим хүчний зардлаа 70 хүртэл хувиар хэмнэж, цаашлаад нүүрстөрөгчийн кредит борлуулснаар нэмэлт орлоготой болох боломжийг бүрдүүлсэн. Төслийг үргэлжлүүлж 2025-2026 онд 1000, 2027-2028 онд 10000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг байгуулна
Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд эрчим, хүч дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл ирэх онд эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангах зорилгоор Дулааны II, III цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж нийт 750 мВт хүчин чадлаар тэлэхээр төлөвлөжээ.
Мөн бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 10 байршилд байгуулж, Налайх дүүргийн дулааны станцыг барьж нийт 1545 мВт-ийн хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлэсөн байна.
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг Морингийн даваа, Цагаан давааны хогийн цэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2025-2028 онд байгуулахаар төлөвлөжээ. Тендер зарлах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Дээрх төсөл, арга хэмжээнүүдийн үр дүнд 2025-2026 онд 674 өрхийг орон сууцанд, 15000 өрхийг хийд, 1000 өрхийг сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлж, агаарын бохирдлыг 15 хувиар бууруулах зорилт тавьсан.
2027-2028 онд 20,000 өрхийг орон сууцанд, 40,000 өрхийг хийд, 10,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлж, агаарын бохирдлыг 48-50 хувиар,
2028-2024 онд 82,600 өрхийг орон сууцанд, 45,000 өрхийг хийд, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэж агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахаар урьдчилсан тооцооллыг гаргажээ.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ