niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 06:06 UTC Эх: https://news.mn/r/2771038/ c112ee0b2b5a59a8… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: "Амь авраач, бид угаартаж үхлээ"!

Хуучирсан мэдээ: 2024.12.17-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Амь авраач, бид угаартаж үхлээ"!

Сурвалжлага: "Амь авраач, бид угаартаж үхлээ"!

NEWS агентлаг өнөөдрийн бүх сэдвээ УТАА-тай холбоотой асуудлын эргэн тойронд хйиж буй. Бид энэ удаагийн сурвалжлагаа нийслэлийн хамгийн ИХ БОХИРДОЛТОЙ хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, нийслэлийн 67 дугаар сургууль, Зүүн салаа, Баруун салаа орчмоос бэлтгэлээ.


            ИРГЭД: ШАХМАЛ ТҮЛШНИЙ НАЙРЛАГЫГ АРД ТҮМЭН МЭДМЭЭР БАЙНА

 Хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас хоёр цаг гаруй хугацаанд түгжирч, Баянхошуу орчимд очив. Учир нь, Улаанбаатарын  агаарын бохирдол энэ цэгт л хамгийн өндөр гардаг.

Бугуйн цагаа харвал цагийн зүү 18:12 зааж байлаа. Ажил, сургууль, цэцэрлэг ид тардаг цаг. Хотын гудамжинд авто машинуудын түгжрэл нэмэгдэж, айлуудын яндангаас хар утаа суунаглах нь харагдана. Гэр хорооллынхны оройн галлагаа эхэлжээ. Машинаас буугаад харвал өтгөн хар мананд нүд аргана. Эхүүн, өмхий үнэртэй, хорт утаа хоолой хорсгож эхлэв.

Тэнд хүмүүс амьдардаг, хүүхдүүд сургуульдаа суудаг.  Нийслэлийн агаарын бохирдлын гол голомтуудын нэг болох 67-р сургуулийн хашаагаар орлоо. Зөвхөн нүдээ гаргасан, харанхуйд бүдчиж явах олон хүүхэд хорт утаан дунд амьсгалж, амьдарч байна.

Сонгинохайрхан дүүргийн 67-р сургуулиас 10 гаруй насны гурван хүүхэд аваад гарч буй иргэн Л.Чимэд “ Би хотод ирээд хоёр сар болж байна. Хүү, бэр хоёр маань ажил амжихгүй байна. Өглөө оройд хүүхэд сургуульд хүргэж, аваад энд сайхан өвөлжихгүй юу гэж хэлэхээр нь ирсэн юм. Гэтэл энэ хотын утаа гамшиг болжээ. Цаашид энд байж дийлэхгүй нь. Толгой өвдөж, нойргүйднэ. Дотор муухай оргино. Даралт ихсэнэ. Хэд хоногоос Завхан руугаа явна” гэж ярив.

Монгол Улсын Ерөнхийлөгч утаа ихэссэн асуудалд, гэр хорооллын айлуудад хяналт тавиагүйн улмаас тоосго, гутал, түүхий нүүрс, дизель түлш түлж байна.  Хууль хүчний байгууллага энэ асуудалд бүрэн анхаарч, тухайн айлуудаар нэг бүрчлэн явж шалгах ёстой гэх үүрэг даалгавар өгсөн.

Тус дүүргийн иргэн Г.Мөнхбаяр  “Үнэхээр сэтгэл дундуур байна. Анх шахмал түлш түлж эхлэхэд гайгүй байсан. Утаа буурсан. Сүүлийн 2-3 жилд шахмал түлшний орц найрлагад өөрчлөлт орсон байх гэж бодож байна. Манайх 4-10 насны 3 хүүхэдтэй айл. Хамгийн бага хүүхдээ утаанд хордчихно, ханиад томуу тусчихна гээд гэрээс огт гаргахгүй байхад л ханиад хүрчихнэ. Энэ бол шууд утаатай холбоотой. Эргэн тойрны үзэгдэх шөнийн цагаар байхгүй болж, машинууд хоорондоо мөргөлдөх нь холгүй байдаг. Аймшигтай дүр зураг энд байна” гэлээ.

Эцэг эхчүүдийн зүгээс амны хаалтыг зүүлгээд, давхар ороолтыг нь зүүлгэсэн ч утаандаа хордсоор, өвлийн цагт хүүхдүүд ханиаднаас салахгүй байгааг учирлаж байв. Мөн утааны орц, найрлагын талаар ард түмэнд нээлттэй мэдээлэл өгч, хүүхдүүдийг утаанаас хамгаалах зөвлөмж, зөвлөгөөг маш сайн өгөх ёстойг хэлж байлаа.

67-р сургуулиас жаахан яваад Баянхошууны баруун салаанд очив. Мөн л ялгаагүй хар саарал утаа хаа сайгүй тунарч, нарийн давчуу зам дээр машинууд түгжирсэн харагдана. Энэ гудмаар сургуулийн хүүхэд аваад харьж яваа хүн олноор зөрнө. Өндөрлөг газар зогсоод доош харахад юу ч үзэгдэхгүй, сарны шаргал гэгээг ч хөхөрч зэгийнэ. “Энэ угаарын тунадас  нь хүнд учраас хүүхэд хамгийн их хорддог гэж сонссон. Бидний үед улс орон мандаж цэцэглэдэггүй юм аа гэхэд ирээдүй хойчоо эрүүл саруул байлгах юмсан гэж санах юм. Шахмал түлшнийхээ найрлагыг үнэн зөвөөр шалгаад, ард түмэнд мэдээлмээр байна. Бид мэдэхийг хүсч байна. Яг үнэндээ амны хаалт зүүгээд ч нэмэр алга. Гашуун утаа амтагдаж, үнэртэж байна” гэж иргэн О.Дэжидмаа ярилаа.

            "ЗУУХ СОЛИОД АРИЛДАГ БОЛ БИД АЛЬ ХЭДИЙН УТААГҮЙ УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА"

Сурвалжлагаа Баянхошууны зүүн салаанд үргэлжлүүллээ. Нөхцөл байдал энд ч мөн адил саарал манантай гудамжууд. Иргэн Л.Лхамаа хэлэхдээ “ Янз бүрээр л утааг багасгана гэж ажил зохион байгуулсан. Зуух сольж үзсэн. Яндан сольж туршсан. Одоо шахмал түлш түлж байна. Удахгүй дахиад зуух солих тухай сонссон. Болиоч ээ. Зуух солиод арилдаг бол аль хэдийн бид утаа угааргүй болчихсон байгаа. Иргэн хүний хувьд надад хардах эрх бий. Энэ бол зүгээр л бидэнд биш төрийн аль нэг шатны эрх дархтанд ашигтай бизнес. Би тэдгээр хүмүүст итгэхгүй байна” гэлээ.

Бодоод үзэхэд бид гэр хорооллын 220 мянган янданг алга болгоно гэж ярьсны хэдэн жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Төрөөс утааг бууруулах богино хугацааны шийдэл нь зуух гэх боловч, амьдрал дээр гэр хорооллын 220 мянган яндан хэвээрээ л байгааг Баянхошуу орчимд ирээд харж болно.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнгөрсөн сард болоход Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Шаардлага хангахгүй 82,829 зуух нийслэлд байгаа. Бүтэн шаталт хийхгүй дутуу шаталт хийж байна. Дутуу шаталт хийгдэж байгаа учраас гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээ дутуу шаталтаас болоод нэмэгдэж байгаа. Стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг зайлшгүй солих шаардлагатай. Солих аргачлалыг иргэн аж ахуй нэгж төр хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэх асуудлыг хэлэлцээд явж байна” гэж хэлсэн юм.

Зуух солиод, яндан хөөлөөд бид өнгөрсөн хугацаанд хэдэн алтан амь алдсан, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохиров.

           "ЭРҮҮЛ АМЬДРАХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН  ЭРХЭЭ ЭДЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"

Утаандаа "угаартсан" иргэд харанхуйгаас урьтаж гэртээ харихаар яарцгаана. Өнөөдрийн хувьд тэдний эрүүл мэндэд "заналхийлж" байгаа утааны асуудал тулгамдсан асуудал боловч хэдэн жил төр засгаас дорвитой шийдэл хайсан 220 мянган гэр хорооллын иргэд "буруутан" нь болж үлдэх ёсгүй билээ.

Баянхошууны иргэн, өндөр настан Н.Цэрэнсамбуу “ Манай улсад тав, зургаадугаар цахилгаан станц барих мөнгө байхгүй гэдэгт итгэхгүй байна. Яагаад эрчим хүчний талд гаднаас хараат байдаг юм бэ. Эрчим хүчний асуудлаа шийдвэрлэчихвэл утаа дагаад л алга болно. Төрийн түшээд, их хурлын гишүүд битгий хэ эгэл жирийн иргэн ч үүнийг сэтгэнэ. Утаа бол үнэхээр аймшигтай байна. Хойд талын ууланд унасан цас хөө бараан болчихсон байгааг хараад бидний уушиг юу болж байдаг бол гэх бодол төрдөг. Ханиад томуу тусаад байгаа чинь утаатай л уялдаатай. Одоохондоо мэдрэхгүй хүмүүс алсдаа хэр их хортой зүйл байсан бэ гэдгийг ойлгох байх. Эрүүл энх, амар тайван амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй байна” гэв.

                     УТААНЫ СОНСГОЛЫГ ТӨРИЙН ОРДОНД БИШ ГЭР ХОРООЛОЛД ХИЙХ ЁСТОЙ

Бид эргэж 67-р сургуулийн ойролцоо ирлээ. Цаг орой болсон тул цуварч хөврөх машины гэрэлд саарал утаа лавсаж, гарцаар хүүхдүүд гүйлдэх дүр зураг энд үзэгдэнэ. Утаа угаар дунд тэдгээр хүүхдүүд амны хаалтгүй явж байх нь түгшүүртэй. Иргэн Г.Хоролгарав  “Шахмал түлшний тухайд янз янзын л юм дуулддаг. Барьцалдуулагчийг нь чанарын шаардлага хангахгүй, муу материалаар хийдэг гэнэ лээ. Одоогоос гурван жилийн өмнө шахмал түлш арай л өөр байсан. Бас хатаалтаа дутуу хийснээс угаар гардаг тухай ч сонссон. Утааны сонсголыг зохион байгуулвал, гэр хороололд тэр дундаа манай энд хийвэл ард түмнээсээ холдсон төрийн түшээд нэгийг бодож, хоёрыг тунгаах биз. Утааг бууруулах нэрээр тэр их мөнгийг үрэн таран хийсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээлгэхийг хармаар байна. Чин үнэндээ бол үнэн шударга нийгмийг хүсэж байна” гэсэн юм.

Бид сурвалжлагаа бэлтгэх 3 цагийн хугацаанд утаа улам нь өтгөрч, амьсгалах бэрх болж байв. Нийслэлийн хамгийн их бохирдолтой Баянхошуу орчим яг одоо /19.00 цаг/ бохирдол 467 буюу хамгийн их бохирдолтой гэж зааж байв. Агаарын бохирдол хамгийн их зааж байгаа газар PB2.5, SO2, PB10 зэрэг үзүүлэлтүүд өндөр байв.

Иргэд улстөрчдийн ярьдаг "утаанаас сална", станц барина гэсэн үгсийг үлгэр домог мэт цээжилжээ. Одоо бидэнд ярих биш шийдэл хэрэгтэй байгаа бөгөөд улстөрчид Төрийн ордноосоо, дөрвөн замын уулзвараасаа гарч, гэр хороололд ядаж нэг цаг амьсгалаад үзэхийг иргэд уриалж байна. Түүгээр зогсохгүй утаатай тэмцэх гэж байгаа, утааны сонсгол хийх гэж байгаа бол Төрийн ордноосоо гарч, Баянхошуу буюу нийслэлийн хамгийн их бохирдолтой, утаан манан дунд амьдарч байгаа иргэдийнхаа хажууд хийхийг ч биднээр дамжуулан хэлсэн юм.

Д.ЭНХБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж