УИХ-ын гишүүн А.Ундармаа Зам тээврийн яамнаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд зарласан 55 тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий “ Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл шалгаруулах тендерийг цуцлахыг шаардаад байна. Тэрбээр тус тендерийг цуцлах шаардлагатайг сануулсан хэд, хэдэн үндэслэлийг тавьжээ.
Тухайлбал, “Хөшигийн хөндий туннел” төслийн зөвхөн урьдчилсан ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах өртөг нь 5.5 тэрбум төгрөг шаардаж байна. Төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардал нь үүнээс өндөр байх нь ойлгомжтой.
Гэтэл уг төсөл нь зөвхөн Хөшигийн хөндийд хүрэх 30 км замыг 15 км урт туннелээр товчлох зорилго бүхий зөвхөн нисэх онгоцны буудал руу зорчих, цөөн иргэдэд чиглэсэн эдийн засгийн үндэслэлийн хувьд үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй төсөл болох нь тодорхой байна.
Санхүү эдийн засгийн ашиггүй энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсөвт жил бүр их хэмжээний урсгал зардал ногдож, төсвийн дарамт мэдэгдэхүйц өсөхөөр байна.
Богдхан уулыг нүхлэн туннел барих энэхүү төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг илт зөрчиж байна гэжээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өмнө нь уг төслийн талаар тайлбар хийхдээ “Та нар бод. Богд уулын амаар дүүрэн хаус байна. Ухаж төнхөөд битүү хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс Одон орон судлал хүртэл баячуудын хаус байна.
Богд уулын дээр баячууд хаус бариад, бааж шээж байхад ард түмэнд тийшээ гарах гарц хийж яагаад болдоггүй юм. Надад хаус байхгүй. Дээр нь гарч сууж байшингаа барьчихаад дархан цаазат уул гээд мөнгө төлөөд PR хийгээд байна.
Өөрсдөө Богд уулаа шүтдэг биширдэг гэчихээд энэ хайрханыг ухаж төнхөж тансаг амьдраад болоод байхад ард түмний төлөө юм хийж яагаад болдоггүй юм. Яагаад энэ хүмүүс хийлгэхгүй гэдэг PR явуулаад байна гэхээр би нэг л дүгнэлтэд хүрсэн. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас. Тийшээ тунель гаргачихвал массын үйлчилгээ болж байгаа учраас тав тух алдуулна гэж тэр.
Энэ ажлыг хийхэд 5.5 тэрбум биш 700-800 сая ам.долларын л өртөг шаардана. Гэтэл тэр өртгийг хоёр нугалж, зориуд харлуулж, худлаа PR хийгээд байна. Би энэ бүтээн байгуулалтыг хийх гэж явж байгаа хүн тийм худал PR хийхгүй ш дээ” гэж мэдэгдэж байв.
Гэвч УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн гишүүн А.Ундраагийн судалснаар бол дээрх төслийг хэрэгжүүлэхэд 5.5 тэрбум төгрөгөөр тогтохгүй их зардал гарахаар байгаа юм.


Г.ХОРОЛ
3,608.65














































