Б.Биндэръяа: Монгол Улсын нэг иргэн Орос-Украины дайнд оролцох үедээ амиа алдсан, нэг иргэн олзлогдсон
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам(ГХЯ) болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ) хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирлын албын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа "ОХУ-д цалин өндөртэй ажилд зуучилна хэмээн хууран мэхэлж, цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан, хохирогч болсон гэх найман иргэнийг Консулын газар олж илрүүлж, энэ сарын 18, 21-нд илрүүлэн нутаг буцаасан. Өнөөдрийн байдлаар нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна зургаан иргэн бий гэх мэдээлэл ГХЯ-нд байгаа.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Москва дахь ЭСЯ-наас холбогдох газруудад хүсэлт тавьсан. Бидэнд байгаа иргэдийнхээ мэдээллийг айлын талд албан ёсоор тавьсны үр дүнд нь найман иргэнээ авчирлаа. Цаана нь зургаан иргэн байгаа гэж байгаа ч тоо нь нэмэгдэх магадлалтай. Иймд ар гэрийн гишүүн нь иймэрхүү байдлаар ОХУ явсан бол албан ёсоор бүртгүүлнэ үү.
Зуучилж буй хүмүүсийн мэдээлэлд итгэхгүй байх, санал болгосон баримт бичгийг сайтар нягтлах, монгол хэл дээр ямар нэг баримт бичиг үзүүлээгүй бол түүнд итгэж гарын үсэг зурахгүй байх, өөрийнхөө амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Бидэнд буй мэдээллээр ийм зар мэдээнд итгэж явсан иргэд Улаанбаатар-Алтанбулаг-Хиагт-Чит гэсэн үндсэн маршрутаар ОХУ руу явж байгаа юм байна. Ихэнх тохиолдолд Чит гэж дурдагддаг вэ гэхээр тэнд бэлтгэл цэргийн бааз байдаг юм байна. Иргэдийг эхний ээлжид тэнд бэлтгээд цааш нь явуулдаг гэсэн мэдээлэл байгаа. Чит бол манай Улаан-Үдэ дэх Ерөнхий консулын газрын тойрог. Иймд бидэнд мэдээлэл өгч байж, Консулын газраараа дамжуулан иргэдээ авах, эрүүл мэндэд нь анхаарах, амь насанд нь эрсдэл учруулахгүй арга хэмжээг авах юм.
Зарим иргэн сайн дурын үндсэн дээр яваад ОХУ-д очоод цэргийн баазад байрлахдаа буруу зүйлд очсоноо ойлгон гэрийнхэнтэйгээ холбоо барьсны үндсэн дээр бид ажиллагаа явуулж, нутаг буцаасан асуудал бий.
Нэгтгэж хэлэхэд зургаан иргэн одоогийн байдлаар ОХУ-д байгаа. Нэг иргэн нас барсан, нэг иргэн олзлогдсон, найман иргэнээ нутаг буцаасан.
Зар мэдээнд итгээд явсан, гэрээнд гарын үсэг зураад явсан өөр иргэд байхыг үгүйсгэхгүй тул ар гэрийнхэн нь бидэнд мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа. Иргэд ямар нэгэн баримт бичиг дээр, ялангуяа гадаад хэл дээр байгаа, өөрөө уншаад ойлгохгүй баримт бичиг дээр гарын үсэг зурж болохгүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
