niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 07:00 UTC Эх: https://news.mn/r/2901770/ eac4664a8dc98cae… ← niitlelch.mn руу буцах

"Чита хотод иргэдийг бэлтгэсний дараа цааш нь явуулдаг гэсэн мэдээлэлтэй байна"

"Чита хотод иргэдийг бэлтгэсний дараа цааш нь явуулдаг гэсэн мэдээлэлтэй байна"

"Чита хотод иргэдийг бэлтгэсний дараа цааш нь явуулдаг гэсэн мэдээлэлтэй байна"

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.27/ мэдээлэл хийлээ.


Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа:

-Монгол Улсын найман иргэнийг ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн хуурч мэхлэн, цэргийн үйл ажиллагаанд татан оролцуулахтай холбоотой асуудал гарсан. Үүний хохирогч болсон найман иргэнийг арваннэгдүгээр сарын 18 болон 21-ний өдрүүдэд олж илрүүлж, нутагт нь буцаагаад байна.

Өнөөдрийн байдлаар бид дахин нэг иргэнийг ОХУ-аас нутаг буцаах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс гадна дахиад зургаан иргэн байгаа гэсэн албан ёсны мэдээлэл манай Гадаад харилцааны яаманд байна.

Тийм учраас бид иргэддээ сэрэмжлүүлж байгаа. Ар гэрийнх нь гишүүн иймэрхүү зар, мэдээнд итгэж ОХУ-ын хилээр гарсан, цаашлаад цэргийн баазад очсон гэсэн мэдээллийг ямар нэгэн шугамаар авсан тохиолдолд тухайн иргэний ар гэрийнхэн манайд бичиг баримтынх нь хуулбарыг авчирч, энэ асуудлыг албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай байна. Тэгж байж бид иргэдийнхээ тоог гаргаж, тэднийг эрүүл мэндэд нь ямар нэгэн хохирол учруулалгүйгээр нутаг буцаах ажиллагааг зохион байгуулна.

Манай ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Москва дахь ЭСЯ-аараа дамжуулан ОХУ-ын Батлан хамгаалах яам, Ерөнхий прокурорын газар болон түүний харьяа Цэргийн прокурорын байгууллагад албан ёсоор хүсэлтүүдээ тавьсан байгаа. Бидэнд байгаа иргэдийн мэдээллийг Оросын талд албан ёсоор хүргүүлсэн. Ингэж ажилласны үндсэн дээр өнөөдрийн байдлаар найман иргэнээ авчраад байна. Цаана нь зургаан иргэн байгаа гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Мэдээж энэ мэдээлэл цаашид нэмэгдэх магадлалтай.

Тийм учраас иргэдийн ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь иймэрхүү замаар ОХУ-д очсон гэсэн мэдээлэлтэй байгаа бол бидэнд тухайн хүний бичиг баримтын хуулбарыг өгөх хэрэгтэй. Ингэснээр бид Оросын талд албан ёсоор хүсэлт тавьж, эдгээр иргэн хаана, ямар газар, ямар цэргийн казармд байрлаж байгааг олж мэдэн, нутаг буцаах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах боломжтой.

Мөн Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллийн дагуу нийгмийн сүлжээнд явж байгаа зар, мэдээлэл, зуучлагч гэх этгээдүүдийн саналд итгэхгүй байхыг анхааруулж байна. Тэдгээр хүмүүсийн санал болгож байгаа баримт бичгийг маш сайн нягталж үзэх хэрэгтэй. Тэр дундаа монгол хэл дээр ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй бол түүнд итгэж, гарын үсэг зурж болохгүй. Ингэж байж өөрсдийгөө хамгаалж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлэх шаардлагатай байна.

Манай Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар бидэнд байгаа мэдээлэлд дурдагдсан зургаан иргэний асуудлаар Оросын талын холбогдох байгууллагуудтай ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцан, иргэдээ авчрах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж байгаа.

Бидэнд байгаа мэдээллээр ийм зар, мэдээнд итгэж явсан иргэдийг ОХУ руу хүргэх ерөнхий нэг маршрут байгаа юм байна. Тодруулбал, Улаанбаатар, Алтанбулаг, Хиагт, Чита, Донец гэсэн үндсэн маршрутаар эдгээр иргэнийг ОХУ руу аваачиж байгаа юм байна.

Читад яагаад ихэнх иргэн байгаа талаар тайлбарлая. Бидэнд ирсэн мэдээлэл болон нийгмийн сүлжээнд явж байгаа зарим лайв, видео мэдээнд Читагийн асуудал яригдаад байгаа. Учир нь Читад бэлтгэлийн бааз, цэргийн баазууд байдаг юм байна. Тэнд иргэдийг эхний ээлжид аваачиж, тодорхой хугацаанд бэлтгэсний дараа цааш нь явуулдаг гэсэн мэдээлэлтэй байгаа учраас манай иргэд Читад байгаа тухай мэдээлэл ирж байна.

Чита хот өөрөө манай Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын тойрогт багтдаг. Тиймээс иргэд маань бидэнд мэдээлэл өгч байж бид Консулын газраараа дамжуулан иргэдээ авчрах, эрүүл мэндэд нь анхаарах, амь насанд нь ямар нэгэн эрсдэл учруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана.

Манай Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам ОХУ-ын төв байгууллага, Батлан хамгаалах яамтай ажиллаж байгаа. Мөн Гадаад харилцааны яамандаа иргэдийн талаар мэдээлэл авах албан ёсны хүсэлтээ өгчихсөн байгаа.

Тиймээс иргэд ямар нэгэн мэдээлэлтэй болсон тохиолдолд манай Консулын газарт хандах боломжтой. Тухайн иргэний бичиг баримтыг авчирч үзүүлэх хэрэгтэй. Бид бичиг баримтад байгаа мэдээлэлд үндэслэн Элчин сайдын яамандаа дамжуулж, Оросын төрийн холбогдох албан ёсны байгууллагуудад хүсэлтээ хүргүүлэх ийм л боломжтой байгаа.

Тэгэхээр бидэнд байгаа мэдээллээр дахин хэлье. Найман иргэнээ бид өнгөрсөн нэг сарын хугацаанд авчирсан. Цаана нь зургаан иргэн байна гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна.

Түүнчлэн ОХУ руу сайн дураар явсан Монгол Улсын нэг иргэн нас барсан бол өөр нэг иргэн Украины талд олзлогдсон мэдээлэл байна.

Нас барсан иргэний ар гэрт Оросын талаас нөхөн олговор олгуулсан. Иргэд өөрсдийн ойлгохгүй, гадаад хэл дээрх баримт бичигт гарын үсэг зурахгүй байхыг анхааруулж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж