niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 07:36 UTC Эх: https://news.mn/r/2769009/ 2724e9a03f26f905… ← niitlelch.mn руу буцах

П.Сайнзориг: Д.Зоригт, Ж.Батсуурь хоёрын хэнээс хариуцлага нэхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2024.12.09-нд нийтлэгдсэн

П.Сайнзориг: Д.Зоригт, Ж.Батсуурь хоёрын хэнээс хариуцлага нэхэх вэ?

П.Сайнзориг: Д.Зоригт, Ж.Батсуурь хоёрын хэнээс хариуцлага нэхэх вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр яамдуудтай чиг үүрэг давхардсан Үндэсний хороо, зөвлөл, комиссыг байгуулж, төсөвт дарамт учруулахын зэрэгцээ хариуцлага нэхээс нэхэх нь ойлгомжгүй болгож байна гэх асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Сайд нарын дэргэд Үндэсний хороо, төв, комисс, зөвлөл хэчнээн байна вэ. Цалингийн сан дээр хэчнээн төгрөг зарцуулж байна вэ. Хуулиар байгуулснаас бусад ийм хороо хэчнээн байна вэ. Миний тооцооллоор 50 орчим байна. Үүний цаана юу харагдаж байна вэ гэвэл төрийн чадавхийг улам сулруулж байна. Ерөнхий чиг үүргийн яам гээд салбар хоорондын буюу уялдааг зохицуулах яамны дэргэд хүртэл ийм хороо байгуулагдаж байна. Чиглэлийн яамны дэргэд хүртэл байгуулагдаж байна. Сүүлдээ энэ яамдууд нь ажла хийж чадахгүй болоод ийм юм байгуулав уу ч гэж бодогдох.

Хурдасгуур төв “Бид орон сууцны бодлого боловсруулж байна” гээд над руу дайрч байгаа юм, чуулган дээр зарчим ярихаар. Тэгвэл Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамаа татан буулгамаар байна.

Ингэж байж төрийн албыг цомхон, бүтээмжтэй, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоно.  Сүүлд нь орон сууцны бодлого хэрэгжихгүй болохоор Хурдасгууд төвийн даргаа Д.Зоригтоос хариуцлага нэхэх юм уу,  Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас хариуцлага нэхэх юм уу УИХ чинь. Хэнээс нь хариуцлага нэхэх гээд яамдын чиг үүрэгтэй зэрэгцүүлээд Үндэсний хороо байгуулаад байгаа юм бэ гэдэг асуудал яригдана.

Энэ нь сүүлдээ Төрийн албаны тухай хуулийн босго давахгүй хүмүүсийг цуглуулдаг ийм зүйл болж хувирлаа. Шинэ сэргэлтийн бодлогын хороо л гэнэ, Бүсчилсэн хөгжлийнх гэж байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлого жишээ нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа. Чадахгүй байгаа бол Эдийн засаг хөгжлийн яамыг татан буулгая л даа. Эдийн засаг хөгжлийн яамыг байгуулаад бодлого төлөвлөлтөө гаргана гэчихээд одоо дэргэдээ Төсвийн хууль дагуулаад Төр хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл байгуулна гэж байгаа.

Төрийг цомхон болгоё, хэмнэлттэй болгоё, бүтээмжтэй болгоё гэчихээд нөгөө талдаа орон тоо нэмдэгээ зогсоох ёстой.  Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төрийг цомхон болгох тухай сүртэй юм ярингуутаа агентлагуудыг татан булгаж, төрийн өмчит компанийг олноор байгуулсан.

Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга М.Санжаадорж:

-Одоогоор 40 гаруй Үндэсний зөвлөл, хороо, комисс байгуулчихсан байгаа.  Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс бусад нь буюу 80 орчим хувь нь хуульгүйгээр байгуулагдсан. Засгийн газрын тухай хуулиар эдгээр байгууллагын чиг үүргүүдийг хуваарилсан ыайдаг. Сайдын эрхлэх аөсуудлын хүрээнд төсөв нь хуваагдаад явдаг.  Сангийн яам цомхон байлгах, шинээр Үндэсний хороо байгуулахгүй байх гэдэг дээр санал өгөөд явдаг. Одоогоор хэчнээн орон тоотой, хэдэн төгрөгийн цалин авч байгааг тооцож үзээгүй байна. Тооцож үзэж байж, мэдээлэл өгье.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, Үндэсний хороо, комисс байгуулахыг болъё.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тухайн чиг үүргийг ямар нэг нэршил болон хэлбэрийг нь өөрчилж дахин байгуулахыг хориглож байгаа. Энэ чинь чиг үүргийн давхцал үүсгэж байгаа. Яамдуудтай зэрэгцээд хариуцлага хүлээх юм уу гэдэг нь ойлгомжгүй,  ийм Үндэсний зөвлөл, хороо байгуулдагийг таслан згоссооё.

Би түрүүн хэлж байсан, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бүх агентлагийг татан буулгаад төрийн өмчит компани байгуулаад  Усны агентлагийн бүх мэдээллийг Монгол Улс концернд шилжүүлсэн. Бүх дата нь алга болсон.

Төрд байсан онц чухал мэдээллүүдийг компанид өгөөд энэ мэдээлэл нь алга болж байгаа. Ийм байдлаар төрийг хүчгүйдүүлж, төрийг бүтээмжгүй болгодог, төрийн чиг үүргийн давхцал үүсгэдэг Төрийн хэмнэлгтийн хууль зөрчдөг. Хуульгүйгээс бусад Үндэсний хороо, комиссыг татан буулгах ажлыг хиймээр байна. Энэнд анхаармаар байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж