Д.Мөнххуяг: Дулаан оронд амрахдаа аяллын компаниудын баталгаат байдлыг сайтар судалж, захиалгаа өгөөрэй
Гадаад Харилцааны Яам(ГХЯ) болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотойгоор хамтран мэдээлэл өгсөн.
Энэ үеэр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжүүдийг залилах тохиолдол гардаг тул сэрэмжтэй байхыг сануулав.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Хүйтний улирал эхэлснээр иргэдийн дулаан оронд амрах, байгууллага хамт олноороо аялах хэрэгцээнд үндэслэн залилагч этгээдүүд иргэдийг хохироох, урьдчилгаа төлбөр авч залилах тохиолдол бий.
Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын зургаан иргэн Вьетнам улсын Фукуок аралд амрах зорилгоор "MGL PhuQuoc" нэртэй цахим хуудсаар харилцан урьдчилгаа, төлбөр болох 19 сая төгрөг шилжүүлэн залилуулсан гэмт хэрэг бүртгэгдсэн.
Хүйтний улирал болоход дулаан орон руу зорчих нь нэмэгддэг энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгчдээс үйлчилгээ авах баталгаат байдлыг нь сайтар судалж, захиалгаа өгөхийг сэрэмжлүүлье" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
