Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ дуусгалгүй ажлаа өгсөн нь эрх баригчдын хувьд ирэх жилийн сонгуульд “шал арчиж” болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн бол Ардчилсан намынхан эв эеийг хичээн, зоригтой хөдөлж чадвал ялалт байгуулах магадлал өндөр болж буй. Харин эрх баригчид сөрөг хүчиндээ бууж өгөхийг хүссэнгүй, цаг хожихын тулд цүнхний намаа Цэц рүү хөдөлгөхөөр шийдсэн гэх асуудал дагуулж эхэллээ.
Хардлагыг батлах мэт ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Энэ талаар тэрбээр “2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно" гээд заачихсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэсэн заалт бий. Ерөнхийлөгчийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөх ёсгүй. Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил. Үндсэн хуульд заасан заалтаараа У.Хүрэлсүх зургаан жил ажиллах ёстой. Гэтэл үүрэгт ажлаа өгчихлөө. Логик нь 6 жилийн энэ хугацаанд нөхөн сонгууль явах юм уу. Үлдсэн хугацаанд нь Ерөнхийлөгч томилоод дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг 2027 оны зургадугаар сард явуулах юм уу гэдэг логик үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, дараагийн Ерөнхийлөгч нь 2027 оны хоёрдугаар сараас зургадугаар сарын хооронд дөрвөн сарын хугацаанд нөхөн сонгогдоод ажиллах юм уу гэдэг асуудал Үндсэн хуулиас гарч ирээд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гээд заасан тохиолдолд энийгээ нөхөн сонгууль гэсэн байдлаар ойлгох, үгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хоёр, гуравдугаар сард болох болно. Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 6 жил гээд заасан байхад тэрийг нь 5.5 жил болгохоор дараагийн хүн нь 6-аас дээш жил алба хаших уу гэдэг хуулийн асуудал үүсэж байгаа тул Ерөнхийлөгчийнхөө хуулийг засах хэрэгтэй, Үндсэн хуульдаа нийцүүлээд явах ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.
УИХ-д суудалтай Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр товловол 1962 оны хоёр, гурав, дөрөв, тав, зургадугаар сард төрсөн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шалгуур хангаж байгаа горилогч сонгуульд өрсөлдөх эрхгүй болохыг сануулсан.
Нэг ёсны Ардын намынхан Үндсэн хууль болон бусад шалтаг шалтгааныг Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намуудын сайд нараараа “сэвүүлж” эхэлсэн нь санамсаргүй тохиолдол биш. Санаатай, зорилготой үйлдэл гэж харахад нэг их хол зөрөхгүй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Т.Мэндсайхан “Түр хугацаагаар Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль явуулна гэж байна буруу. УИХ-тай жишиж байна. УИХ бол 126 гишүүнээс бүрдсэн. Дотор нь байгаа УИХ-ын нэг гишүүнийг чөлөөлөхөд тухайн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Ерөнхийлөгчийн институци бол өөр. Дараагийн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгох ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг ямар хугацаанд зарлах вэ гэдгийг хуульд заасан. Дөрвөн сарын дотор гээд заасан, тэр хуулиа барих ёстой. Шинэ нөхцөл байдалд тохируулаад өөр хууль гарган өөрчилнө гэдэг бол хуульт ёсонд нийцэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бол урт хугацааны хэлэлцүүлэг, олон нийтийн санаа бодлыг сонсоно. Одоо бол цаг хугацаа бол байхгүй” гэдэг тайлбар хийгээд байна.
Үнэндээ ч 2027 он гарахад ердөө сар гаруйхны хугацаа үлдэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхлэх болж буй. Нэг ёсны цаг хугацаа давчуу үлдсэн үед парламент Үндсэн хуульдаа гар хүрэх санаархал гаргавал наад зах нь иргэдээрээ хэлэлцүүлж санаа бодлыг нь сонсох. Нөгөөтэйгүүр, улс төрийн намуудтайгаа зөвшилцөх зэрэг процедур шаардсан ажлууд амжихгүй нь тодорхой болж буй.
Гэтэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах эрхгүй гэдэг хандлагаар хандаж, улайран Үндсэн хуульд засвар хийвэл Үндсэн хууль тогтвортой байх зарчим алдагдана.
Мөн эрх баригч хүчин сонгууль угтан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг жишиг тогтоох эрсдэл бас хүлээж буй. Дээр нь парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх зохицуулалтыг оруулж ирнэ гэвэл Ардчилсан намын партизанууд хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдээд байна.
Харин эрх баригч Ардын намынхны энэ удаагийн нүүдэл цаг хожиж, аль болох Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард зохион байгуулах, эс бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгогдог болох зохицуулалтыг холбогдох хуулиудад суулгах нь нэн тэргүүний эрх ашиг болж хувираад байна. Энэ нүүдэл нь Ардын намд хожоотой, Ардчилсан намд харин халгаатай.
Г.ХОРОЛ
3,608.65





















































Холбоотой мэдээ