niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 08:31 UTC Эх: https://news.mn/r/2768430/ 899a3291b9655b3e… ← niitlelch.mn руу буцах

Нийслэл 60 мянган айлын зуух солих үлгэрээ зогсооё!

Хуучирсан мэдээ: 2024.12.06-нд нийтлэгдсэн

Нийслэл 60 мянган айлын зуух солих үлгэрээ зогсооё!

Нийслэл 60 мянган айлын зуух солих үлгэрээ зогсооё!

Утааны тухай орон даяараа ярьж, төр нийгмээ шүүмжилсээр 20 шахам жил болж байгаа ч  ахисан зүйл нэг ч үгүй байна. Утааг арилгана, түгжрэлийг бууруулна гэж санаанд багтамгүй их мөнгийг салхинд хийсгэсэн. Үр дүнд нь ард түмний хий хоосон бухимдал, өвчлөл, хордлого, хотын дорой өнгө үзэмж л үлджээ.

Шахмал түлшний үйлдвэр Эрчим хүчний яаманд харьяалагддаг байсныг нийслэл рүү шилжүүлж, салбарын сайд нь чих амарсанаас өөр өөрчлөлт алга.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнгөрсөн сард болоход утааг бууруулах хүрээнд ирэх онд хийх ажлыг сонирхвол зуух, яндан солих тухай л ярилаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Шаардлага хангахгүй 82,829 зуух нийслэлд байгаа. Бүтэн шаталт хийхгүй дутуу шаталт хийж байна. Дутуу шаталт хийгдэж байгаа учраас гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээ дутуу шаталтаас болоод нэмэгдэж байгаа. Стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг зайлшгүй солих шаардлагатай. Солих аргачлалыг иргэн аж ахуй нэгж төр хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэх асуудлыг хэлэлцээд явж байна” гэж хариулсан юм. Зуух, яндан аль алийг хэдэн жил хэдэн ч удаа солив. Үр дүн нь хаана байна?.

Дээрдсэн юм юу байна?. Ард түмэн ёжилж, галын хайчаа солих юм биш үү гэж даажигнаж байх. Хариуцлага хүлээх эзэд нь хаана байна.

Эцэстээ арга барагдаж, залуус төв талбайд цуглаж, “Утааны сонсгол хийе, онц байдал зарла” гэж шаардав.

Үнэндээ ч агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсөв, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар дамжуулан цацсан мөнгө асар их. Зөвхөн 2017-2020 оны хооронд 456.1 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан гэдэг тайланг албаныхан гаргаж байв. Утаатай тэмцэх ажил төр засгийн төвшинд 2012 оноос эхэлсэн гэж тооцоход өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн их наяд төгрөгөөр тооцогдох мөнгө зарцуулагдсан болж таарч буй.

Агаарын бохирдлыг бууруулсан гэж рекламдаад байсан сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад зарцуулсан хөрөнгө тэрбум, тэрбумаар яригддаг бол сүүлийн зургаан жилд шахмал түлш тээвэрлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ 350 тэрбум төгрөг болсон байдаг. Хамгийн харамсалтай нь, энэ хугацаанд шахмал түлшинд угаартаж амиа алдсан иргэдийн тоо хэдэн зуугаар яригдах болж буй.

Энэ оны байдлаар сайжруулсан түлшинд хордож  Яаралтай тусламжийн төвд хандсан дуудлага 1801 байгаа бол 33 хүн амиа алдсан харамсалтай мэдээ бий.

Иймээс одоо зуух солих тухай ярих биш гэр хороолол дахь яндангийн тоог бууруулах зорилт тавьж, зоригтой шийдэл гаргаж ажиллах л чухал байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан уржигдар болж, нийслэлийн 2025 оны төсвийг баталсан. Гэвч сонгуулийн өмнө сүр болгон зарлаад  байсан “20 минутын хот” бодлогын хүрээнд хэчнээн айлын газар чөлөөлөлтөд хэдэн төгрөг зарцуулах. Цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд хэдэн төгрөг зарцуулах, орон сууцжуулах бодлогын хүрээнд гадаад бонд гаргах асуудал хэзээнээс хэрэгжих. Хэдэн төгрөгийн гадаад бонд гаргахаар төлөвлөв. Энэ бүхэн нийслэлчүүдийн анхаарлаас хол, ярьсан эсэх нь ч тодорхойгүй батлагдах нь тэр.

“Сэлбэ”, Баянхошуу”, “Шар хад” дэд төвүүдийг түшиглээд 500, 800-гаар нь орон сууц бариад өгнө гэсэн PR нь сонгуульд зориулсан шоу байв уу гэлтэй таг чиг.

Улаанбаатар хотын энэ их агаар, хөрсний бохирдлыг бууруулах ганц арга нь зөвхөн барилгажих. Үүний тулд гэр хорооллын иргэд хашаандаа дулаан алдагдал багатай амины сууц барьж амьдрахаас эхлээд нийслэлийг харахгүйгээр өөрийн хүчээр шийдэх гарц гаргалгааг ч олох шаардлага бий. Ингэхийн тулд ядаж дэд бүтцийг нь татаад өгчихөд л иргэд зээлд хамрагдаад орон байраа сайжруулчихна.

Бүх зүйлд төр, нийслэл оролцоно гэвэл нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхийн утааны асуудлыг шийдэж чадахгүй. Энэ янзаараа бол 50 жил өнгөрөхөд өнөөдрийн бахь байдал үргэлжилж байхыг ч үгүйсгэх аргагүй. Иймээс хот ойрмогхон ирэх онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөснөө нийслэлчүүддээ тайлагнаж, хувь хүнд ямар боломж олгохоо мэдэгдэнэ үү.

Тэгж байж, иргэд хашааны газраа байраар солих уу, эсвэл хашаандаа тохилог сууц барьж амьдрах уу, эсвэл бүр хөдөө рүү нүүж агаарын бохирдлоос зугтах уу гээд шийдлээ гаргах шаардлага ч байна.

Дээр нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид амласнаа хийх талаас ажиллахгүй бол ирэх онд нийслэлээс 80 мянган өрхийн зуухыг сольж 60 мянган өрхөд угаар мэдрэгч тарааснаар асуудал шийдэгдэхгүй шүү.

Д.ЭНХБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж