УИХ дээр Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг хүчингүй болгосноос олон сөрөг үр дагавар гарч, хүндрэл үүсгэж байна гэх шүүмжлэл өрнөж, түүнийг дагаад алдааг, бие биедээ тохсон хэл ам тасрахгүй үргэлжилж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.12.03/ Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан юм.
Тэрбээр “УИХ 34 жилийнхээ түүхэнд анх удаа ийм эвгүй байдалд орчихлоо. Бид анхаарах ёстой. Яагаад ийм байдалд орчихов. Яагаад төсвийг дахин хэлэлцэхээр болов. Засгийн газар бас анхаарах ёстой. Нэг удаа асуудал үүслээ гээд өнгөрөх биш цаашдын үр дагаврыг бодох ёстой. Ийм байдалд орохгүйгээр шийдэх гарц бололцоо байсан.
УИХ түүхэндээ Монгол Улсын төсвийг 34 удаа баталсан, хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьдаг байсан. Тэр үед хоригийг УИХ авдаг зарим тохиолдолд авдаггүй.
Улсын нэгдсэн төсөв дээр энэ хугацаанд Ерөнхийлөгч нарын 10 гаруй удаагийн хориг тавигдсанаас зургаан удаагийнх нь бүхэлд нь хориг тавигдсан түүхтэй.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газар саналаа өгөөд явах бололцоо байсан. Харамсалтай нь, шинэ дэг болгоод шинэ төсвийн хууль оруулж ирээд явж байна.
Д.Заяабал гишүүний хэлдэг үнэн, төсвийн хуулийн хууль тогтоох процесс явж байсан. Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад Төсвийн хуулийг хүчингүй болгосон. Ингэхгүйгээр хоригийг хүлээж аваад Төсвийн байнгын хороо хэлэлцээд Засгийн газраас саналаа аваад явсан бол илүү хялбар, асуудлыг урьд явж байсан жишгээр шийдэх бололцоо байсан. Цаашдаа анхаарах ёстой, илүү нухацтай хандахгүй бол ийм алдаа дахин дахин гараад байж мэдэх нь.
Аймаг, нийслэл, сум дүүрэг дээр төсвөө энэ ондоо багтаагаад шахуу батлах асуудал үүсч байгаа. Зарим аймгууд мэдээлэлгүйгээс төсвөө хэлэлцээд явж байна, асуугаад байна. Тийм учраас Засгийн газар юм уу, Сангийн яам “Энэ хугацаанд төсвийг батлах байх. Түүнээс хойш та нар төсвөө хэлэлцээрэй” гэдэг чиглэлийг өгөхгүй бол асуудал үүсэх нь байна шүү.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ -ын гишүүдийг тал талаас нь шахаад хүнд байдалд оруулж болохгүй. Орж ирсэн төслийг дэмжсэн нь хүнд байдалд ордог, дэмжээгүй нь буруу юм хийчихсэн юм шиг байдалд ордог. Ийм байж болохгүй. Хэн манлайлал үзүүлэх ёстой юм олон сонгогдсон гишүүн, хэн манлайлал үзүүлэх ёстой юм, Засгийн газарт орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн сайд нар. Энэ бүхэн дээр онцгой анхаарч ажиллахгүй бол УИХ -ын босгыг давахад амаргүй болсон гэдгийг тал талдаа ойлгох цаг нь болсон гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад таван удаа дараалан сонгогдож байгаа гарын таван хуруунд багтах гишүүдийн нэг. Энэ хугацаанд тэрбээр Хууль зүй дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын алба хашсаны зэрэгцээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд анх удаа парламентад сонгогдсон шинэ "цэрэг". УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хоёр жил орчмын хугацаанд ажилласан юм.
Г.ХОРОЛ
3,608.65
















































Холбоотой мэдээ