“20 минутын хот” үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Төрийн ордныхныг тусгай автобусаар үйлчлүүлэх саналыг дахин тавина” гэдгээ мэдэгдээд байна.
Түүний тайлбарласнаар өглөө бүр 1000 суудлын тэрэг Төрийн ордныг чиглэдэг бол мөн оройдоо энэ тооны автомашин тус ордноос гардаг. Нэгдсэн зохион байгуулалттайгаар автобусаар үйлчлүүлдэг болчихвол түгжрэл бууруулахад нэмэртэй. Тиймээс Засгийн газрын хуралдаан руу дээрх саналаа удахгүй дахин оруулах юм байна. Ингэхдээ УИХ-аас гадна яам, агентлагт ажилладаг сайд дарга нарыг ажилтан, албан хаагчдынхаа хамтаар автобусаар үйлчлүүлэх уриалгыг гаргах аж.
Сануулахад, хичээлийн жил эхлэхийн өмнө тэрбээр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хамтаар Төрийн ордонд ажилладаг ажилтан, албан хаагчдыг автобусаар үйлчлүүлэхийг уриалж, тусгай автобус гаргасан. Гэвч хоёр сарын хугацаанд үйлчлүүлдэг хүнгүйгээс арга буюу зогсоосон юм. Тэгвэл дахин санал тавих нь ээ.
Г.ХОРОЛ
3,608.65














































