niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 09:31 UTC Эх: https://news.mn/r/2767087/ cfbdebb5e9bc387d… ← niitlelch.mn руу буцах

80 мянган айлын зуухыг сольж, 60 мянган өрхийг угаар мэдрэгчтэй болгоно

Хуучирсан мэдээ: 2024.11.29-нд нийтлэгдсэн

Live80 мянган айлын зуухыг сольж, 60 мянган өрхийг угаар мэдрэгчтэй болгоно

80 мянган айлын зуухыг сольж, 60 мянган өрхийг угаар мэдрэгчтэй болгоно
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
18 : 44
2024-11-29

80 мянган айлын зуухыг сольж, 60 мянган өрхийг угаар мэдрэгчтэй болгоно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн:

-Угаарын асуудал нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал. 2024-2028 оны хувьд бид хамтраад угаардалтыг нэгмөр цэгцлэх ёстой. Тайлан үзэхээр шаталтын асуудал байгаа. Түлшиндээ ч байна, зуухандаа ч байна.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргын мэдээллээр 2024 онд  416 дуудлага авч, 1424 хүн угаарын хийнд хордсоноос анхны тусламж авсан байна.

Нэг ч хүүхэд, нэг ч хүн угаартахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ. “Тавантолгой түлш” компани, нийслэл угаардалтыг бууруулахын тулд ямар ажил хийв, цаашид бууруулахын тулд ямар төлөвлөгөө гаргасан бэ. Энэ төлөвлөгөөг гаргаад нэг ч хүнийг эрсдэлд оруулахгүйн төлөө хамтдаа шийдье гэдэг санал хэлж байна.

Сайжруулсан түлш хэрэглэснээр нарийн ширхэгт тоосонцор буурсан харагдаж байна. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байх ёстой түвшнөөс хэд дахин давсан байгаа.

Тийм учраас хороо тус бүрээр хэдэн яндан байгааг гаргая. Яндангийн тоо хэдээр буурсан талаар сар бүр мэдээлэлтэй баймаар байна. Яндан бууруулах зорилтоо хэдүүлээ тавъя, зоригтой хөдөлж, төсөвтөө энэ чиглэлээрх асуудлыг шийдэж байж дорвитой өөрчлөлт гарна. Газраа чөлөөлсөн айлууд өөр газар очиж буугаад яндангаа зөөвөл агаарын бохридлыг бууруулж чадахгүй. Агаарын бохирдлын 70 хувь гэр хорооллоос үүдэлтэй байна. Гэхдээ бид гэр хорооллынхноо буруутгаад байж болохгүй. Өвөлдөө дулаан байхын тулд галлагааг хийж байгаа. Тэгэхээр дөрвөн жилийн зорилт тавиад ажиллавал тодорхой үр дүнд гарна. 2020-2024 оны арваннэгдүгээр сар хүртэл ямар ажил хийв, угааржилт хэр хэмжээнд буурав. Нэг ч хүн угаартуулахгүйн тулд ямар арга хэмжээг ямар шат дараалалтай авах ёстой вэ?

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:

-Миний сая дурдсан судалгаанд 82,829 зуух шаардлага хангахгүй байгаа. Бүтэн шаталт хийхгүй дутуу шаталт хийж байгаа. Дутуу шаталт хийгдэж байгаа учраас гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээ дутуу шаталтаас болоод нэмэгдэж байгаа. Стандартын шаардалга хангахгүй байгаа зуухыг зайлшгүй солих шаардлагатай. Солих аргачлалыг иргэн аж ахуй нэгж төр хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэх асуудлыг хэлэлцээд явж байна.

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер н.Алтансүх:

-2020-2024 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл манай дээр Хэрэглэгчдэд үйлчлэх төв гэж 500 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байсан. Энэ нэгж нийслэлийн 220 мянган өрхийн яндан зуух, мэдрэгч дамжуулагчид үзлэг хийдэг. Хэрэглэгчийн яндан хөөлөх зэрэг ажлыг хийдэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл рүү шилжсэн.

Хөрөнгө орууллатын чиглэлээр 100 –гаад мянган ширхэг угаар мэдрэгч, дамжуулагчийг нийслэлийн 200 мянган өрхөд суурилуулж, дамжуулагчтай мэдрэгчийг төвөөсөө хянаж ажиллаж байсан.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:

-Угаарталтаас сэргийлж 501 ажилтан ажилладаг. Улирлын чанартай ажилладаг. Есдүгээр сарын сүүлээр ажилдаа ороод гурван сар хүртэл ажилладаг. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан 501 ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг.

Төхөөрөмж буруу мэдээлэл өгч үү, зөв мэдээлэл өгч үү гээд шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг.

Одоо тулгамдаж байгаа нэг асуудал нь нийслэлийн хэмжээнд гэр хороололд угаар мэдрэгчгүй 60 мянган айл байгаа. 60 мянган айлыг угаар мэдрэгчийн системтэй холбосноор эрсдлийг бууруулахад бодитой ажил болох юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн:

-Нэг ч гэсэн хүн битгий угаартаасай гэсэн хүсэл байна. 80 мянган айлын зуухыг сольсноор угаартахаас сэргийлж чадах уу. 60 мянган өрхийг мэдрэгчтэй холбоно гэлээ. Энэ ажлыг хийснээр угаартахаас сэргийлж чадах уу?. Нэмээд хийх шаарддагатай ажил өөр юу байна вэ?

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:

-Нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил маань урьдчилан сэргйилэх ажил. Галлагааны улирал эхлэхээс өмнө айлуудаар орж, зуухыг нь шалгах, хөөлөх. Зуухны бүтэн байдлыг шалгах зэрэг ажлыг хийдэг. Иргэд зундаа зуухаа гадаа гаргаад тавьчихдаг. Зуны борооноор зуухны бүтэн байдал алдагддаг. Судалгааны дүнгээр ингэж гарч байгаа. Зуухны цууралт хагаралт, зэврэлт нь борооны уснаас болсон байдаг.  Иргэд хариуцлагатай байх ёстой. Төрийн зүгээс урьдчилан сэргийлэх бүхий л ажлыг хийж байна.

Угаарталтыг бууруулах чиглэлээр богино хугацаанд зуухны асуудал яригдана. Зуухыг халахын тулд цахилгаанаар халаах асуудал яригдана.

Гэхдээ бүх гэр хорооллын өрхийг цахилгаанаар халаах боломжгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажлыг улам сайжруулах, таниулах мэдээлэл хүргүүлэх ажлыг хийж явна.

Хэдэн яндан бууж байгааг танилцуулаад явъя.

 

 

 

17 : 24
2024-11-29

"Зүүн үйлдвэрийг маш их мөнгөөр барьсан ч зарим шугам нь ажилладаггүй"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна. 

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө:

-2018 оны 62 дугаар тогтоол муу тогтоол байгаагүй. Түүхий нүүрсийг хориглосон шийдвэр үр дүнгээ өгсөн гэдгийг тодотгож хэлэхийг хүсч байна. 2019, 2020 оныг харах хэрэгтэй байгаа юм. Жилээс жилд утаа буцаад ихэслээ, энэ юундаа байна вэ гэдэгт дүгнэлт хийх цаг болсон. Хурлын даргаас хүсэхэд, агаар орчны бохирдолтой холбоотой асуудлаар ажиллаж байсан учраас ажлын хэсэг гаргаж, хот дээр үйлдвэр ирсэн тул шалгалт оруулъя гэж бодож байна. Тэр ажлын хэсгийг ахлуулж өгөөч. Би төлөөлөгчдийн хамт үйлдвэрүүдээр явж, үнэн бодит мэдээллийг өгье. Тэгэхгүй бол болохгүй зүйл үнэхээр их байна. Тойрогтоо ажиллаад явахад шахмал түлштэй холбоотой гомдлууд их ирж байна. Бид хүлээж авах шаардлагатай. Тэгэхгүй бол “Болж байгаа,  бүтэж байгаа” гээд яриад байх зохимжгүй байна.

Гудамжуудаар яваад харахаар нөхцөл байдал өөр байхад костюм пиджак өмссөн хүмүүс бид энд “PM-2” буурсан гээд ярихаар иргэд маш их эгдүүцэх магадал өндөр юм.

Covid-19 цар тахлын үед барьцалдуулагч бодисыг урдаас авч байсан. Барьцалдуулагч бодисыг одоо хаанаас авч байна. Барьцалдуулагч дээр асуудал байгаа юм биш биздээ гэдэг хардлага байна. Хятадын барьцалдуулагч бодис их сайн байсан шүү.

Төлөөлөгч нар түүхий нүүрс рүү оръё гэж ярьж байна, энэ бол ухралт. Түүхий нүүрс хэрэглээд байгаа албан газруудад хариуцлага тооцмоор байна. Нийтийн эрх ашиг шүү дээ. Бүх хүн агаараар амьсгалж байгаа. Жил болгон энэ нөхдүүдийг зуухаа соль гэдэг. “Мөнгө төгрөг болсонгүй” гээд хүрээд ирдэг. Тогтоол хэрэгжихгүй байна. 200 байгууллага түүхий нүүрс түлээд байгаа юм чинь яаж утаа буурах юм бэ. Эдгээр байгууллага дээр ямар арга хэмжээ авах вэ. Утааны асуудал дээр сайн явж ажиллана аа нөхдүүд ээ. Танхимаас гарна, өрөөнөөсөө гарна. Түлшний цэг дээр өөрөө үзнэ, зураг хөргөө авахуулж олон нийтэд тавь. Түлш түлж байгаа айлын хашааг нүдэж байгаад ямар байна гээд асуу. Тэгэх юм бол ажил руугаа нэлээн сайн орж, ойлгоно. Амаргүй ажил, би хийж байсан учраас мэдэж байна. Би бол тогтмол явдаг байсан хагас, бүтэн сайнгүй. Өдөр, шөнөгүй явдаг байсан гэх нь хаашаа юм. Үйлдвэр дээр хамгийн сүүлд хэзээ очив.

Зүүн үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу. Зүүн үйлдвэр дээр би шүүмжлэлтэй байсаар ирсэн. Маш их мөнгөөр баригдсан, бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй.  Дарга нар очихоор зарим шугам нь ажилладаг.

Угаарын хийн асуудал ноцтой төвшинд очлоо. Мэдээлэл явж байгаа гэж П.Эрхэмбулган шал худлаа ярилаа. Маск зүүх юм уу үгүй юм уу гэхээр шал өөр юм ярих.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:

-Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтдээ 297 зуух бүртгэлтэй байдаг. Үүнээс 22 байршлын 22 сургууль, цэцэрлэгийн дөрвөн халаалтын зуухыг цахилгаан болон хийн хангамжид шилжүүлсэн. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих 3 гэж хөтөлбөр бий. Энэхүү төслийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалтаар 10 сургууль, цэцэрлэгийг гүний дулаан болон цахилгаан хийн хангамжид шилжүүлэх ажил хийгдээд явж байна.

Зургаан сургууль нь шилжсэн, хоёр сургууль нь дэд бүтцээ туршаад явж байна, хоёрынх нь дэд бүтцийн ажил дуусаагүй байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтын зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүлэхээр ажил хийгдээд явж байна. Нийт төрийн өмчийн 70 сургууль, цэцэрлэгийн зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлсэн. Тулгарч байгаа нэг асуудал бий. Хувийн хэвшлийн компаниуд түүхий нүүрс түлж байгаа зуухаа хүчитгээгүй, сайжруулсан түлш түлэх боломжгүй байгаа компаниудтай яриа хэлэлцээ хийж ногоон зээлд хамруулах, ажлаа эхлүүл гэдэг албан шаардлагыг тавиад явж байна. З.Төмөртөмөө төлөөлөгчийн саналыг хүлээж авч байна. Амралтын өдрүүдэд явна. “Тавантолгой түлш” компани нийслэлд ирж байгаатай холботойгоор зүүн үйлдвэр дээр очиж ажиллан, шилжилтийн процессыг ярьсан байгаа.

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер н.Алтансүх:

-Барьцалдуулагчийн хувьд 2023, 2024, 2025 оны галлагааны улиралд 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчээс буюу циллиод суурьтай барьцалдуулагч хэрэглэж байна. 50 хувь нь импортын барьцалдуулагч хэрэглэж байна.

Импортын барьцалдуулагч нь 50-60 хувийн эрдэнэшишийн ургамлын гаралтай цардуул суурьтай, шавар дүүргэлттэй барьцалдуулагч хэрэглэдэг.

Зүүн үйлдвэрийн хүчин чадлын хувьд компанийн хэмжээнд таван шугам ажиллаж хоногт 2300-2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Үүнээс 1300-1500 тонныг нь зүүн үйлдвэр дээр гурван шугамар үйлдвэрлэж байна.  Төвийн үйлдвэрийн хоёр шугам хоногтоо 800-900 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Баруун үйлдвэр хаагдсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 60-70 орчим хувийг зүүн үйлдвэр үйлдвэрлэж байна.

 

 

 

 

 

 

15 : 39
2024-11-29

Сайжруулсан түлшинд угаартаж 33 хүн амиа алдаад байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан дөнгөж сая /2024.11.29/ эхлээд байна.

Ээлжит бус II хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж байгаа төсөл, бусад арга хэмжээ,

Нийслэл Улаанбаатар хотод цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлж, хүлэмжийн хийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай,

Нийслэлийн орон сууц корпораци ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Эхний асуудалтай холбогдуулж төлөөлөгч нар асуулт тавьж хариулт авч байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:

-2024 оны байдлаар сайжруулсан түлшинд угаартаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хэдэн тохиолдол байна вэ. Сүхбаатар дүүрэгт нэг гэр бүл сайжруулсан түлшинд угаартсанаас хүний амь эрсэдсэн.  Сайжруулсан түлшнээс болж маш олон хүн амь насаа алдаж байна. Энэ асуудлыг ард иргэддээ анхааруулаад явах ёстой байтал нуугаад байх юм. Бодит байдал дээр хүнд байгаа шүү. Хортой шахмал түлшийг зогсоогоод гарц шийдэл гартал түүхий нүүрс рүү шилжүүлмээр байна. Ичсэндээ нүүрс түлүүлэхгүй нь л дээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:

-Нүүрсээ сайжруулаад, технологийг нь сайжруулаад ч амжилт олохгүй учраас нийслэлийн хувьд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж, орон сууцжуулах бодлого хэрэгжүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж байж утааг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа.

Цаашдаа сайжруулсан түлшээ хэрэглэхгүйгээр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ танилцуулсан.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Энэ оны нэгдүгээр сараас хойш Нийслэлийн түргэн тусламжийн газарт угаарын хийн хордлоготой холбоотой 1801 дуудлага ирснээс 33 хүн нь нас барсан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороон дээр гэр бүлийн дөрвөн хүн угаартсанаас 76 настай эмэгтэй нас барсан.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:

-Дайн байлдаангүй энхийн тайван цагт хэдхэн сарын дотор 33 хүн угаартаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж байна гэдэг нэг автобусанд ч багтахааргүй том  тоо. Гэтэл утаа багассан, хоруу чанар нь буурсан, болж байгаа, бүтэж байгаа гээд сүүлийн зургаан жилд хортой шахмал түлшний тээвэрлэлтэд 350 тэрбум төгрөгийг зарцуулчихаад сууж байдаг. Та нарын ярьж байгааг сонсоод нийслэлчүүдийн уур бухимдал, дургүйцэл зэвүүцэл нь дээд цэгтээ хүрч байгаа шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж