Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудын инженерчлэл, робот техник, хиймэл оюун ухаан, програмчлалын сэтгэлгээг хөгжүүлэх, STEM боловсролыг дэмжих, зохион бүтээх авьяас, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ховдын ирээдүйн инженерүүд” таван төрөлт нэгдсэн тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит тус тэмцээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 13 цэцэрлэгийн 450 гаруй хүүхэд оролцож, мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдөв.
Тэмцээн нь сурагчдын нас, сонирхол, ур чадварт нийцсэн дараах үндсэн төрлөөр өрнөсөн юм. Үүнд:
-LEGO WeDo 2.0 “Ирээдүйн инженерүүд” – 3-5 дугаар ангийн сурагчид робот бүтээх, программчлах ур чадвараа сорин өрсөлдөв.
-“Enjoy AI-Khovd 2026” нээлттэй тэмцээн – дрон кодчилол, дэлгэцгүй кодчилол, удирдлагатай дроны төрлөөр боллоо.
-“Khovd Robot Challenge 2026” – LEGO сумо робот, микро лигийн робот хөл бөмбөг, Arduino робот хөл бөмбөгийн төрлөөр сурагчид оролцсон байна.
-Хиймэл оюуны бүтээлийн олимпиад – 6-9 дүгээр ангийн сурагчид хиймэл оюун, IoT болон автоматжуулалтын технологид суурилсан бүтээл, төслөө танилцууллаа.
-Цахим спортын тэмцээн (И-Спорт) – 8-12 дугаар ангийн сурагчид стратеги боловсруулах, багаар ажиллах, хурдан шуурхай шийдвэр гаргах чадвараа сорив.
Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээс төрөл, хамрах хүрээгээ өргөжүүлж, инженерчлэл, робот техникээс гадна хиймэл оюун ухаан, цахим спортын төрлүүдийг багтааснаараа онцлог юм. Мөн сургууль, цэцэрлэгүүд дотооддоо урьдчилсан бэлтгэл хангаж, шилдэг суралцагчдаар баг бүрдүүлжээ.
Ховд аймаг STEM боловсролыг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаанд технологид суурилсан хэрэглэгдэхүүн нэвтрүүлэх ажлыг 2024 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах, асуудлыг бие даан шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм.
“Ховдын ирээдүйн инженерүүд” нэгдсэн тэмцээн нь сурагчдад эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, шинэ санаа, бүтээлээ танилцуулах, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх боломж олгож байгаагаараа онцлогтой. Мөн ирээдүйд инженерчлэл, мэдээллийн технологи, инновацын салбарт ажиллах шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэхийг зорьж буй.
Тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ, Боловсролын газар зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.