Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын гишүүд анхны төсөв дээрээ толхилцож, үл ойлголцож, нам дотроо түнжин муу болсон гишүүд эхнээсээ том дуугарч эхэлсэн. 2025 оны төсөв батлагдах үеэр олонхыг бүрдүүлж буй МАН-ын гишүүд Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийг эсэргүүцэж, түүнийгээ ч ил цагаан хэлж эхэлсэн. Гэвч олонх дотроо цөөнх болсон олон гишүүд 2025 оны төсөв дээр ямар нэг нөлөөлөл үзүүлж чадаагүй учраас эцсийн найдвар Монгол Улсын Ерөнхийлөгчийг гэж үзэж, хориг тавих санаачлагыг гаргаж эхэлсэн. Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь одоогоор шийдэгдээгүй байгаа. Гэвч УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг 2025 оны төсөвт хориг тавих хүсэлтээ илэрхийлсээр байна.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих эсэхээс үл хамаарч хамтарсан Засгийн газрын өргөн барьсан төсөвт МАН, АН-ынхан гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа ч УИХ-ын гишүүд нь хамтарсан Засгийн газрын бодлогоо эсэргүүцэж, дэмжихгүй байна гэсэн үг.
Энэ бүхнийг улс төрийн хүрээнд МАН, АН дотор сөрөг хүчин бий болсон хэмээн сэм ярих болов. Олон доторх “сөрөг хүчин” үүссэн жинхэнэ шалтгаан нь намын удирдлагаа эсэргүүцэхээс гадна, намдаа “жийгдсэн” хүмүүс байгаа бөгөөд энэ ч цаанаа улс төр явж буй гэж ч хөшигний ард жиг жуг гэлцэх болж.
Бүр зарим “сөрөг хүчин” нь өөр намд, тэр дундаа Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэлд элсэх “тохироо” хийгдсэн гэх бор шувуу ч Төрийн ордонд жиргэж эхэлжээ. Албан бус эх сурвалжаар МАН доторх “сөрөг хүчин” болоод буй Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүдийг намаа солих талаар сэм уулзалтууд хийгдсэн гэх яриа ч улс төрийн хүрээнд гарч эхэлсэн. Харин Ардчилсан нам доторх “сөрөг хүчин” нь намынхаа удирдлагыг авах, намын дарга Л.Гантөмөрийг огцруулах улс төрийн “акц”-ын эхлэл гэж улс төрийн хүрээнд ярьж буй.
Ийнхүү нам нам дотор байгуулагдсан “сөрөг хүчин”-ийхэн эхний бойкотоо 2025 оны төсөв дээр эхлүүлсэн ч амжилт олж чадаагүй. Гэхдээ цаашид “сөрөг хүчин” хэрхэн улс төрийн тоглолтоо үргэлжлүүлэх эсвэл нам доторх цөөнхөөрөө үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Т.ОД
3,608.65




















































Холбоотой мэдээ