УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хавдрын эмнэлэг барих ажлыг аль болох хурдлуулах гэж хичээж байна. Бид яар ч байж, даарах вий. Хавдрын эмнэлэг бариад ашиглалтад ороход гарах зардал урьдчилсан байдлаар 140 сая ам.долларын тооцоолол гарсан.Өөрөөр хэлбэл 400-500 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих уу гэдгийг бодох ёстой. Тиймээс хавдрын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, яаж эрт оношлох вэ, нэгэнт хавдраар өвчилсөн бол иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тухайн амьдарч байгаа бүс нутагт нь чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх вэ гэдэг бодлого руу төвлөрч үндэсний таван баг байгуулсан.
Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хавдар тэргүүлж байна. Тэргүүлж байгаа таван хавдрын чиглэл бүрээр хэрхэн эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, элэгний хавдрын 90 хувь нь В, C, D вирусийн халдвартай холбоотой байна. Тэгвэл иргэдийн дунд энэ халдварыг хэрхэн тархаахгүй байх, цааш нь хавдар болтол нь хүндрүүлэхгүй байхын тулд юу хийх вэ гэдэг бодлого барьж байна. Хавдрын өвчлөлийг хэрхэн яаж эрт илрүүлэх вэ, эрт илрүүлгийн тогтолцоог бага зардлаар олон хүнийг хамруулах вэ гэдэг бодлого барьж байна. Үүний дараагийн бодлого нь үндэсний хэмжээний хавдар судлалын үндэсний төв байгуулж, судалгаа шинжилгээ рүүгээ чиглэсэн. Өнөөдөр Монголд хийгдэхгүй байгаа дархлаа эмчилгээнүүдийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг бодлого юм.
Бид одоо цогц системтэй бодлогын тухай ярихгүй бол хавдрын эмнэлэг барьчихаар л хавдраар жилд нас барж байгаа 4000 хүн үхэхээ больчих юм уу. Үгүй шүү дээ.
Өнөөдөр СБД-т 200 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орчихсон байна. Хими эмчилгээний тусгай тасагтай, хавдрын 50 ортой, 4 мэс заслыг өрөөтэй. Гэтэл үйл ажиллагааг нь эхлүүлье гэхэд тэнд ажиллах боловсон хүчин бүрдэж өгөхгүй байна. Асуудлуудаа цогцоор нь харж шийдэж байж амжилтад хүрнэ. Шалтгаан нөхцөл, эрт илрүүлэг, эмчилгээний тогтолцоог нь сайжруулах ёстой. Би эмчилгээний тогтолцоог нь сайжруулах ёстой гэж хэлсэн. Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж огт хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй" гэв.
3,608.65





















































Холбоотой мэдээ